"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Хөдөөд хоршоо хөгжсөнөөр түүхий эдийн чанар сайжирч, малчдын орлого ч өснө
Нийтэлсэн: 2016-11-27 18:35:13

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-За, юуны өмнө танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Герман улсын иргэн, эдийн засагч мэргэжилтэй. Оюутан байхаасаа эхлэн хоршооны хөгжлийн асуудлыг сонирхон судалж эхэлсэн. Германд 170 жилийн өмнө хоршооллын хөдөлгөөн эхэлж хөдөөгийн жижиг фермерүүд хоршооллын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ нь намайг ихэд гайхшируулж байлаа. Төгссөний  дараахан “Хоршооны менежер” хийж байв. Эдийн засгийн хөгжилд  хоршооны гүйцэтгэх үүргийн тухай асуудлаар сүүлийн 30 гаруй жилийн туршид олон оронд зөвлөхөөр ажиллаж байна.

-Та Монголын хоршооллын хөдөлгөөнтэй хэдийнээс холбогдсон бэ?

-Би анх 1995 онд монголд ирж байснаас хойш 19 жил өнгөрчээ. Конрад Аденауэрын сангийн урилгаар анх Монголд ирж байлаа. Зах зээлийн нөхцөлд шинэ хоршоо хэрхэн эхлэх, ямар бүтэц зохион байгуулалттай ажиллах талаар зөвлөгөө өгдөг байв. Тухайн үед хуучин нэгдлүүд тарж, суурин дээр нь олон компани байгуулагдсан байсан. Хамгийн гол нь шинэ бүтэцтэй хоршоонд нэгдсэнээр таны амьдрал өөрчлөгдөнө гэдгийг малчдад ойлгуулахад хүндхэн байсан цаг саяхан.  Түүнээс хойш олон ч удаа Монголд ажиллаж “Хоршооны Круг багш” гэдэг нэртэй болсон доо. Монголын зах зээлд хоршооллын хөдөлгөөн идэвхтэй өрнөж, багагүй амжилт дагуулж байгаад баяртай байдаг.

-Хуучин нэгдлийн тогтолцоог халж, шинэ бүтэцтэй хоршоог байгуулахад багагүй бэрхшээл тулгарсан байх. Энэ талаар 

-Бид эхний ээлжид хоршоо байгуулах хүсэл сонирхолтой хүмүүсийг сургалтад хамруулж тодорхой мэдлэгтэй болгосон. Сургалтад хамрагдсан иргэдийн ихэнх нь хоршоо үүсгэн байгуулсан бол зарим нь хоршооны асуудлаар мэргэшсэн багш, зөвлөхүүд болцгоосон. Түүнчлэн хоршооны асуудлаар сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв” ТББ байгуулсан нь өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Цаашлаад Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай /хуучнаар/ зөвлөлдөж “Хоршооны тухай” хуулийг УИХ-аар 1998 оны 1-р сарын 3-нд батлуулсан юм. Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мөн хандивлагч байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн үр дүнг дагуулсан. Тухайлбал, ГТХАН-т /Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг/ хоршооны хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлэх санал тавьж ажил хэрэг болсон нь нэлээн ач холбогдолтой болсон гэж боддог.

-Таны нүдээр Монголын хоршооллын хөгжил өнөөдөр ямар түвшинд явж байна вэ?

-2013 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 3300 хоршоо үйл ажиллагаа явуулж буй гэсэн судалгаа гарсан. Үүний 1000 гаруй нь хөдөө аж ахуй хоршоо байгаа бөгөөд 12000 гаруй хүн эдгээр хоршоодод байна. Сум бүхэнд том, жижиг хоршоод үйл ажиллагаагаа явуулж байгаа ч малчдыг хоршоонд бүрэн хамруулж чадаагүй л байна. Хоршоод Хөдөө аж ахуйн салбарт төдийлөн сайн ажиллахгүй байгаагаас дотоодын болон гадаадын зах зээлд үнэтэй түүхий эд болох мах, арьс шир, ноос, ноолуур, сарлагийн хөөврөө малчид тогтвортой зах зээлд, хангалтай үнээр борлуулж чадахгүй байна. Иймээс малчин хүн олох боломжтой орлогынхоо тодорхой хувийг алдсаар байна. 

-Таны бодлоор малчин өрх орлогоо нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Малчин өрхүүд өнөөдөр малын гаралтай түүхий эдээ ченжид багахан үнээр борлуулж байна. Ингэхийн оронд өөрсдөө нэгдэн хоршоо байгуулж, хамтран ажиллаж чадвал энэ байдлаас гарч чадна. Нөгөө талаас, хоршооны тухай ойлголтыг малчин иргэдэд болон сум орон нутгийн удирдлагууд сайтар ойлгуулах хэрэгтэй. Цаашлаад банк санхүүгийн байгууллагуудад зөв мэдээлэл очвол харилцан хамтарч ажиллах таатай нөхцөл бүрдэх юм. Монголд хоршоодод зээл өгөх банк олдоггүй. Харин Германд энэ асуудал эсрэгээрээ хэрэгждэг. Тухайлбал: Банкууд хоршоонд олгож буй зээлээ компанид өгч байгаа зээлээс илүү эрсдэл багатай гэж үздэг. Учир нь хоршооны аудитын үр дүнтэй системийг нэвтрүүлсэнтэй холбоотой. Монголд хоршооны аудитын системийг нэвтрүүлснээр бусад орны жишигт нийцсэн шинэчилсэн хоршоог бий болгож чадах юм.

-Шинэчилсэн аудитын системийг нэвтрүүлэхэд гүйцэтгэх үүрэг болоод хоршооны хөгжилд Засгийн газраас үзүүлэх дэмжлэг ямар нөлөөллийг үзүүлж чадах вэ?

-Хоршооллын хөдөлгөөнийг Монгол улсын Засгийн газраас дэмжиж ирсэн. Харин “Нэг баг нэг хоршоо” бодлого нь хоршоодыг хэт жижиг болгосон нь учир дутагдалтай юм. Нөгөө талаар Хөдөө аж ахуйн салбарт цөөн тооны том хоршоодтой байх, аль эсвэл дундын хоршоонд малчин иргэдийг нэгтгэж ажилласнаар түүхий эдээ үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлж чадна. Нөгөөтэйгүүр малчин хүн хоршоогоороо дамжуулж урамшуулал авахаар хуульчилж өгсөн. Мөн малчин ганцхан хоршоонд байх бус, өөр хоршооны гишүүн болох боломжийг бүрдүүлсэн юм. Эдгээр мэдээллийг Засгийн газар болоод төсөл хөтөлбөрөөр дамжуулан малчдад энгийн ойлгомжтойгоор тайлбарлах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх нь хоршоонд шинэ систем нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой.

2014 оны 8 дугаар сар. Круг багшийн отгон шавь нар - Ховд болон Архангай аймагт зохион байгуулсан сургалтад оролцогчид

-Өнөөдрийн байдлаар амжилттай ажиллаж байгаа малчдын хоршоо байгаа юу. Тэдний туршлага дээр үндэслэгдэн хэрэгжиж буй ажлаас дурдахгүй юу?

-Өнөөдрийн байдлаар ШХАын “Ногоон алт” төсөл малчдын дунд бэлчээр ашиглагчдын бүлгийг зохион байгуулж, малчид бэлчээрээ хамгаалахаас гадна дундын сан байгуулан хамтран ажиллаж байна. Түүнчлэн “Ногоон алт” төслийн хүрээнд байгуулагдсан малчдын хоршоод гишүүн малчдаасаа түүхий эдийг нь цуглуулж үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Энэ жилээс эхлэн тус төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй малчдын хоршоод хамтран ажиллаж, сарлагийн хөөвөр, тэмээний ноосоо үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлсэн. Тус Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийг Германы ГФА болон ГЕФАК гэсэн хоёр компанийн хамтарсан консорциум хэрэгжүүлдэг. Малчдын хоршоод үйлдвэрлэгчидтэй шууд холбогдож түүхий эдээ нийлүүлснээр үйлдвэрлэгчдэд очиж буй түүхий эдийн чанар сайжирч, малчдын орлого ч өссөөр байна. Говийн сумын малчид гэхэд анх удаагаа тормоо самнаж, хоршоогоор дамжуулан үйлдвэрлэгчид өндөр үнээр борлууллаа. Аймгуудад анхан шатны хоршоодыг нэгтгэсэн дундын хоршоод бий болж түүхий эдэд анхан шатны ангилан ялгалт хийж, савлан үндэсний үйлдвэрт хүргэх ажлыг зохион байгуулав. Хоршоод гишүүддээ түүхий эдийн үнийн зөрүүг урамшуулал болгон олгож, илүү олон малчдыг хоршоондоо нэгтгэхийг чармайн ажиллаж байна. 

-Малчдын хоршоодын цаашдын чиг хандлагын талаар таны бодол?

-Малчид маань хоршооны гишүүн болсноор малын гаралтай түүхий эдээ хоршоогоор дамжуулан борлуулах боломжтой. Аймгийн түвшинд анхан шатны хоршоод дундын хоршоонд нэгдсэнээр үндэсний үйлдвэрлэгчидтэй түүхий эд нийлүүлэлтийн гэрээгээ хийнэ. Ингэснээр малчид түүхий эдээ борлуулах тал дээр санаа зоволтгүй болохоос гадна үйлдвэрлэгч нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгож чадна. Гэвч хоршоод удирдлагыг чадавхжуулах гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нэмж хэлэхэд, хоршоод ирээдүйгээ төсөөлж, өөрийн бизнесийг төлөвлөж сурах хэрэгтэй. Малчид ганцаараа бус олуулаа нийлж хамтран ажилссанаар илүү хүчтэй болж, амьдрал ахуйгаа сайжруулж чаддаг гэдгийг олон орны хоршооны хөгжлийн туршлага харуулдаг. Монголын зүйр цэцэн үгэнд “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэж хэлдэг.  Хэрэв малчин танд хоршооны талаар ямар нэгэн асуулт байвал “Ногоон алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсэгт хандаарай, би таны асуултад хариулахдаа ямагт баяртай байх болно. Ноён Карл Круг танд их баярлалаа.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn