"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Малчид, үндэсний үйлдвэрлэгчид хаа хаанаа хариуцлагатай байвал сарлагийн хөөвөр брэнд болно
Нийтэлсэн: 2016-11-27 18:25:07

Сарлагийн хөөвөр, торомны ноос саяхныг хүртэл үнэлэмжгүй түүхий эд байсан ч  олон хүний хичээл, зүтгэл, сургалт, судалгааны дүнд үнэд хүргэж чадсан . Тэдний нэг болох “Баялаг-Өлзий” ХХК-ийн захирал Ж.Өлзийбодьжавтай ярилцсан юм.

-Анх сарлагийн хөөвөр, тэмээний ноосоор  үйлдвэрлэл эрхэлье гэдэг  санааг яаж олсон бэ. Сүүлийн ганц, хоёр жилийг эс тооцвол сарлагийн хөөвөр ямар ч үнэлэмжгүй, өрхийн хэрэглээний түвшинд л ашиглагддаг түүхий эд байсан шүү дээ?

Сарлагийн хөөвөр, тэмээний ноосоор үйлдвэрлэл эрхлэх бизнесийг 2007 оноос эхлүүлсэн. Анх сарлагийн хөөврийг авч байхад самнасан нь 3500, самнаагүй нь 300-500 төгрөгийн ханштай байлаа. Торомны ноос ч гэсэн тэмээний ноос шиг үнэгүй байсан. Учир нь улсын хэмжээнд 1975 оны байдлаар 800 мянган тэмээтэй байсан бол 2003 онд 200-хан мянга болж буурсан. Яагаад ийнхүү буурсныг малчдаас асуухад тэмээ малласны ашиг шим гэж бараг алга гэж ярьдаг. Ингээд тэмээ гэдэг амьтны түүхий эдийг үнэтэй болгохгүй бол маллах малчин олдохгүй юм байна гэсэн гаргалгаа гарч байгаа юм. Үнэтэй болгож байна гээд хятадуудтай зэрэгцэж түүхий эдийг нь аваад нэмэргүй.  Өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдэд хүргэж байж үнэтэй болно. Ингээд тэмээний ноосоо, аваад түүгээрээ сүлжмэлийн бизнес эрхэлж эхэлсэн.  Өөрөө үйлдвэрлэл эрхлээд ирэхээр хэн нэгэн хятадаас асуухгүйгээр түүхий эдээ авах эрхтэй болж байна гэсэн үг. Үүний дараа сарлагийн хөөврийг яагаад ингэж үнэ цэнэтэй болгож болохгүй гэж бодоод түүнийгээ бас ажил хэрэг болгоод явж байна.

-ШХА-ийн “Ногоон-Алт” төсөл хэрэгжсэнээр сарлагийн хөөвөр өнөөгийн ханшаар 12000-15000 төгрөг болчихлоо. Таныг төслийн багийнхантай  хамтын ажиллагаатай гэж сонссон. Ямар чиглэлээр хамтарч ажиллаж байна?

Түүхий эдээ аваад явж байхад муу, чанаргүй хөөвөр, ноос их гардаг. Түүхий эдийн чанар муу байх нь эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлдөг. “Ногоон-Алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй малчдын хоршоодыг үндэсний үйлдвэрлэгчидтэй холбож түүхий эдийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллалаа. Бэлчээр ашиглагчдын хэсгүүд /БАХ/-д зориулсан сургалтад оролцож сарлагийн хөөвөрт тавигдах шаардлагуудаа танилцуулсан. “НогоонАлт” төслийн БАХ хэмээх энэхүү том багаар дамжуулж түүхий эдээ худалдан авч байгаа болохоор малчдын хоршоодын хариуцлага өндөр болж,  хөөврийн чанар нь сайжирч байна. Энэхүү төслийн багийнхан малчдын хоршоодыг бизнесийн хариуцлагатай байх, бэлтгэж буй хөөврийн чанарыг сайжруулахад анхаарал хандуулж харин үйлдвэрлэгчид бид сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг цаашид яаж амжилттай, тогтвортой бизнес болгох вэ гэдгийг зорилгоо болгож байгаа юм. Энэ хавар Архангай аймгийн хоршоодоос 20 тонн сарлагийн хөөвөр авсан. Ноолуур нэг хэсэг 13000 байсан үе бий. Тэгтэл өнөөдөр сарлагийн хөөвөр 15000 хүрнэ гэдэг үнэхээр өндөр ханш.

-Хөөврөө үнэтэй авсны хэрээр эцсийн бүтээгдэхүүн эрэлттэй байж чадаж байна уу?

Үйлдвэрийн аргаар самнасан сарлагийн хөөвөр дэлхийн зах зээлд 34 долларын ханштай байгаа. Харин Монголд малчдын гараас аваад угаагаад, самнаад, хаягдлаас нь салгахаар нэг кг нь 80-90 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл 50-55 доллар болж байгаа юм. Тэгэхлээр дэлхийн зах зээлийн үнээс 20 доллараар үнэтэй байна гэсэн үг. Дотоодод яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэхээр бидний эн тэргүүний зорилго бол малчдад очиж байгаа мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, дараа нь үүнийгээ утас болгоод эцсийн бүтээгдэхүүн хийж ашиг олох. Манай үйлдвэр 60 гаруй ажилчинтай. Нийт бүтээгдэхүүний 70-аад хувь нь сарлагийн хөөвөр байгаа юм. Тэгэхлээр 60-аад хүнийг ажлын байраар хангаад, улсад татвараа төлөөд, малчдынхаа орлогыг нэмэгдүүлээд явна гэдэг бизнесмен хүний хийх ёстой ажил. Энэ бол зөв буюу бүх талдаа ашигтай бизнес.

-Монгол ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүн ямар ялгаатай юм бэ?

Түүхий эдийн өөрийнх нь ширхэгтийн онцлог гэж байдаг. Ямааны ноолуур нь 15-17, сарлагийн хөөвөр 17-22, тэмээний ноос 17-23 микронтой байна. Ямааны ноолуураас бага зэргийн л ширүүн гэсэн үг. Харин бүтцийн хувьд шал өөр болчихдог. Ноолуур барихад яагаад зөөлөн байдаг вэ гэхээр ширхэгт нь их нарийхан байдаг. Сарлаг, тором бол микро нь ойролцоо боловч талстууд нь том том байна. Гэхдээ ноолууртай адилхан болно гэж байхгүй. Ноолуур гэдэг чинь тансаг хэрэглээ шүү дээ. Харин  хөөврөн, ноосон бүтээгдэхүүн бол дотоодын үйлдвэрийн чанартай, дулаан юм өмсье, хэрэглэе гэсэн хүмүүсийн хэрэгцээг хангадаг.

-Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлж байна уу. Ер нь хэчнээн улсад экспортолж байна?

Англи, Америк, Оросын Сибир рүү гаргаж байгаа. Ер нь гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах ажил эхний шатандаа явж байна. Харин Сибир рүү манай сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний 90-ээд хувь нь гардаг. Сарлагийн хөөвөр ноолуураас хамаагүй дулаахан. Учир нь сарлаг өөрөө хангай нутгийн уул, тагаар нэлээд сэрүүн нөхцөлд амьдардаг.  Ийм сэрүүнд зохицох чадварын нууц бол хөөвөр биеийг нь хангалттай дулаан байлгаж чаддагт л байдаг байх. Сарлагийн хөөврөн өмдийг өмсчихсөн хүн дараа өвөл нь өөр юм өмсөнө гэсэн ойлголт байхгүй. Тэр ч утгаараа Сибирчүүд  ихээр худалдан авдаг. Дэлхий дээр 16 сая сарлаг байдаг. Үүнээс 13 сая нь Түвдэд байдаг. Монгол бол 500 мянга л байна.  Тэгэхлээр Монгол сарлаг дэлхийн зах зээлд нөлөөлөөд байх хэмжээнд очиж чадахгүй л дээ. Гэхдээ юугаараа дэлхийд танигдаад байна гэхээр Монгол бизнесменүүд сарлагийнхаа хөөврийг боловсруулаад бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, брэнд болгож чадаж байна. Хятад, Түвдүүд тэр олон сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргасан гэсэн юм одоогоор алга. Ер нь бид гадаад зах зээлээ өргөтгөх, сарлагийн хөөврөн болоод тэмээний ноосон бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргах зорилго өвөртөлж явна.

-Цаашид гадаад, дотоодод худалдаагаа өргөжүүлэхэд юуг анхаарч ажиллах ёстой вэ?

Нэгдүгээрт түүхий эдийн чанарын асуудлыг сайжруулахгүй бол хялгас голдуу хөөвөр аваад байвал тухайн үйлдвэр нь дампуурах эрсдэлтэй.  Тэмээний ноос нэг хэсэг гайгүй үнэд ороод эхэлж байсан чинь хятадаас хуурамч нь орж ирсэн. Түүнийгээ  Монголд үйлдвэрлэсэн 100 хувь тэмээний ноос гэж Орос руу гаргаад эхэлсэн чинь нөгөөх нь хуурамч болохоор чанарын шаардлага хангахгүй шүү дээ.  Тэгээд оросууд тэмээний ноос гэхээр нэг л муу, чанаргүй мэтээр ярьдаг болсон. Одоо бас Хятадаас ургамлын ширхэгтүүдийг будаад 100 хувь сарлагийн хөөврөн утас гээд оруулаад ирлээ. Хуурамч утсаар нь зарим хүмүүс бүтээгдэхүүн хийгээд “Монголд үйлдвэрлэв, 100 хувь сарлагийн хөөвөр” гэж бичээд л зарж байна. Ийм байдлаар Монгол сарлагийн хөөврийн нэр хүндийг унагаах нь дэлхийн зах зээлд сөрөг хандлагыг бий болгох эрсдэлтэй. Тэгэхлээр хил, гаалийн хяналтыг чангатгаж, төрийн бодлогыг энэ зүгт хандуулах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна сарлагийн хөөвөр үнэд ороод ирэхээр хятадууд 13 сая сарлагаа самнаад хөөврөө боловсруулаад үйлдвэрлэл эрхлээд эхэлбэл том өрсөлдөгч болно. Гэхдээ брэнд  нэр гэдэг бол чанарыг тодорхойлж байдаг. Нэгэнт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээгээд, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа бий болгочихсон тохиолдолд харьцангуй эрсдэл бага. Түүнчлэн малчид хөөврийнхөө чанарт их анхаарах хэрэгтэй. Жишээ нь 1 тонн хөөврөөс 250 кг нь л цэвэр үйлдвэрийн бүтээгдэхүүн болдог. Ингээд 750 кг нь шороо, бүдүүн хялгас гэх мэт хаягдал болж байгаа юм. Тиймээс малчид маань хариуцлагатай байж,  түүхий эдийнхээ чанарт анхаарч, өөрсдийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж хүсэж байна.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn