"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Нүүдлийн маа-н үйлдвэрлэлийн үндсэн технологиуд алдагдсаар байна
Нийтэлсэн: 2016-11-27 18:12:43

“Ногоон-Алт” төслийн хүрээнд малчдын дунд байгуулсан Бэлчээр ашиглагчдын хэсгийн /БАХ/ үйл ажиллагаа болоод Монгол орны бэлчээр нутгийн өнөөгийн байдлын талаар ШХА-ийн “Ногоон-Алт” төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалантай ярилцлаа.

-Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлэн “Ногоон-Алт” төслийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна Төслийн хүрээнд малчдыг Бэлчээр ашиглагчдын хэсгийн  /БАХ/ зохион байгуулалтад оруулах чиглэлээр олон жил ажилласан. Тэгэхлээр БАХ гэж чухам ямар зорилго, чиг үүрэгтэй юм бэ. БАХ-ийг байгуулах болсон шалтгаан нь юу байв?

БАХ гэх нэр томьёо хүмүүсийн сэтгэхүйд харийн үг мэтээр буудаг байх. Үнэндээ энэ нь нүүдлийн МАА-н үйлдвэрлэл эрхлэх үндсэн технологи дээр суурилсан юм. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг өөрийн гэсэн технологитой. Малчид эрт дээр үеэс малынхаа тоог бэлчээрийн даацдаа тохируулан барьдаг байсан уламжлалтай.  Харин сүүлийн 20 жил малын тоо толгой эрчимтэй өсөж, бэлчээрийн даац хэтэрч, доройтож эхэлсэн. Үүнийг малчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Энэ жил л гэхэд Монгол орны нийт мал 60 гаруй саяд хүрчихлээ шүү дээ. Дараагийн нэг асуудал нь малчид бэлчээрээ хуваарьтай ашиглаж, сэлгээж амраахаа больчихсон. Дээр дурьдсанчлан малын тоо ихэссэн учир сэлгэж, амраах боломж хомс болж байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед малчид өвөл, хаврыг өнөтэй давах үндэс болох хадлан, тэжээлээ хангалттай сайн бэлтгэхгүй байна. Зарим малчин өрх хүн, бүл дутмаг байх ч явдал бий. Эдгээр уламжлалт технологиуд алдагдаад  Монголын бэлчээрийн МАА-н үйлдвэрлэл хямралд ороход их ойрхон болоод байна. Тиймээс БАХ нь 4 улирлын бэлчээрээ дундаа эзэмшдэг малчид сайн дураараа нэгдэн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн бэлчээрээ урьдчилан зөвшилцөж тохирсон төлөвлөгөө хуваарийг дагуу амрааж сэлгэн, хуваарьтай ашиглах боломжийг олгох зорилготой.

-Бэлчээрийн даац хэтэрлээ гэж ганц, хоёр малчин гэртээ яриад суух биш нэг зорилгын дор нэгдэж хамтаараа ажиллах, асуудлаа шийдвэрлэх боломжийг нь олгож өгч байгаа хэрэг үү?

Тиймээ. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мал маллах уламжлалт арга нь өнөөгийн малчдад үгүйлэгдэх болсон. Түүнчлэн нийгмийн талаасаа ч байгалийн нөхцөл боломж талаасаа ч хөдөө хоршиж, хамтарч ажиллах, амьдрах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Тиймээс БАХ нь малчдыг эрх ашгийнхаа төлөө нэгдэхэд туслах нэг төрлийн боломжийг олгож байгаа гэж ойлгож болно.

-Сүүлийн үед уул уурхайн олборлолт ихээр явагдаж байна. Ийнхүү хөрсийг ихээр сэндийчиж байгаа нь бэлчээр доройтох нэг нөхцөл болж байна гэдгийг малчин бүр хэлдэг?

Уул уурхай малчдын хувьд “шүдний өвчин” болоод байгаа. найман жилийн өмнө уул уурхай, малчин хоёр их хол байдаг байлаа. Харин одоо бараг хаяанд нь ирээд бэлчээрийг нь ухаад эхэлж байна шүү дээ. Хамгийн алс хязгаар баруун аймгийн олон суманд уул уурхайн компаниуд малчдыг бэлчээрээс хөөж туух, хүн мал ундаалдаг усыг бохирдуулах, дураараа энд тэнд газар хаших үзэгдэл түгээмэл болсоор байна. 

Малчид “бидний бэлчээр” гэж мянга хэлээд нэмэргүй болсон ийм л нөхцөл байдалтай байгаа. Харин хуулинд малчид тодорхой бүлэг болоод бэлчээрээ гэрээгээр ашиглаж болно гээд тусгачихсан. Тиймээс БАХ болж нэгдсэнээрээ гэрээ байгуулан,   бэлчээрээ хамтарч ашиглах боломжтой болж байгаа юм. Ингэснээр нөгөө дураараа аашлаад байгаа уул уурхайн компаниудад “бидний бэлчээр” гэдгээ батлан харуулах бичиг баримттай болж байна гэсэн үг.

-БАХ-ийн зохион байгуулалтыг хэрхэн хийдэг вэ?

Манай төслийн зүгээс орон нутагт очоод малчдыг шууд БАХ-ийн зохион байгуулалтад оруулчихдаггүй. Малчид өөрсдөө хэн хэн нь аль хэсгийн ямар бэлчээрийг ашигладаг вэ гэдгийг мэддэг. Түүнчлэн энд худаг гаргах шаардлагатай, зуслангийн бэлчээрээ амраахгүй бол болохгүй гэхчлэн болохгүй асуудлаа мэддэг. Харин түүнийг нь зохион байгуулалт, төлөвлөгөөнд оруулж идэвхжүүлэх л хэрэгтэй. Ингээд малчид БАХийн зохион байгуулалтад ороод ажиллаж эхлэхэд 2,5 жил болдог. БАХ-ийн  зохион байгуулалтыг хийхэд малчдыг мэдээллээр хангаж, чиглүүлж өгөхөд нутаг орондоо нэр хүндтэй, туршлагатай хүмүүстэй хамтарч ажилладаг. Эдгээр хүмүүс нөхцөл байдлыг хамгийн сайн ойлгодог учир тэднээр дамжуулж малчдыг БАХ-ийн зохион байгуулалтад ороход нь дэмжлэг үзүүлдэг.

-Малчид БАХ-ийн зохион байгуулалтад ороод ажиллаж эхлэхэд 2,5 жил шаардагддаг гэж хэллээ. Нэлээд урт хугацаа юм шиг санагдаж байна?

Завхан аймгийн Яруу сумын БАХийн ахлагч хүн нэг сонирхолтой мэдээлэл хэлж байсан. Юу вэ гэхээр малчдыг БАХ-ийн зохион байгуулалтад оруулахад таван үе, шаттай нийт 2.5-3.5 жил шаардагддаг. Эхний удаа уулзахад малчид нэг их ойшоодоггүй. Дахиад очоод ярихад сонирхсон хандлагатай. Гурав дахь дээрээ яагаад бэлчээр доройтож байна гэх мэтчилэн асуулт асууж эхэлдэг. Дөрөв дэх уулзалтаар хоорондоо нээлттэй, чөлөөтэй ярьж эхэлнэ. Хамгийн сүүлд буюу тав дахь шатанд бид зохион байгуулалтад орох ёстой гэсэн шийдэлд хүрдэг байгаа юм. Энэ бүх үйл явц 2.5-3.5 жил үргэлжилсэн. Ингээд БАХийн зохион байгуулалтад орохоор малчид хоорондоо ярилцаад хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, ийм хугацаанд энэ хэсгийн бэлчээрийг амраана, яг таг заасан цаг хугацаанд айлууд  нүүнэ гэх мэтчилэн тодорхой журмыг боловсруулдаг.  ШХА нь хөгжлийн байгууллага учраас хөдөө очоод нэг агуулах ч юм уу, айлын хашаа, саравч барихаасаа илүү малчдын үзэл бодол, үйл хэрэгт нь сэтгэхүйн зөв өөрчлөлт хийхийг чухалчилдаг.  “Ногоон-Алт” төсөл дуусахад ч гэсэн малчид үндэсний хэмжээний БАХ, хоршоо  байгуулна гээд явахыг үгүйсгэхгүй шүү дээ. Хөгжил гэдэг урт удаан хугацааны үр дүнд бий болдог үйл явц. Гэхдээ хөгжлийг гаднын байгууллага хийх бус малчид өөрсдөө хийх хэрэгтэй. Харин болохгүй байгаа зүйл дээр дэмжлэг үзүүлж, шаардлагатай судалгаа шинжилгээг бидний зүгээс хийдэг. Одоогийн байдлаар нийт 93 суманд 900 гаруй бэлчээр БАХийг байгуулж, 32 мянган малчид хамрагдсан байна.

-Төсөл хэрэгжүүлэх сумдыг яаж сонгодог вэ. Монгол орны нийт бэлчээрийн 90-ээд хувь нь ямар нэгэн байдлаар доройтолд орчихсон гэсэн судалгааны дүн байгаа. Тэгэхлээр бараг бүх сумдад БАХ-ийг байгуулж ажиллах шаардлагатай болж байна шүү дээ?

Манай улс хүнээ, малтайгаа л тоолоод байдгаас биш биднийг хоол, ундтай байлгаж байгаа хамгийн үнэт хөрөнгө болох бэлчээрийнхээ хүрэлцээ, даацыг судалж тогтоосон тоо баримт байхгүй. ШХА-ийн “Ногоон-Алт” төслийн зургаан жилийн судалгааны үр дүнд Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн 1500 цэг дээр 600г нэмээд нийтдээ 2100 цэгээс хөрс, усны бүх төрлийн нарийн шинжилгээ аваад үзэхэд Монгол орны нийт бэлчээр нутгийн 90 хувийн унаган төрх өөрчлөгдөж, ямар нэг хэмжээгээр доройтолд орсон,  таван хувь нь цөл болж дахин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй болсон, харин тавхан хувь нь онгон, зэрлэг, зэлүүдээрээ байгаа гэсэн дүн гарсан. Гэхдээ 90 хувь нь доройтсон байна гэдэг нь зөвхөн эхний үр дүн. Дараагийн шатанд бид 90 хувийн хэчнээн нь бага, дунд, хүчтэй доройтсон гэдэг гурван зэрэглэлийг нарийн гаргаж ирнэ. Энэ мэдээлэл 2015 онд тодорхой болсноор доройтлын зэрэглэлээс хамаарч хэрхэн нөхөн сэргээх вэ гэдэг арга технологи өөр өөр  байх юм.

-Малчид бэлчээрээ зүй зохистой ашиглах гэсэн үндсэн зорилгын дор нэгдэж БАХ-ийн зохион байгуулалтад орж байгаа ч хоршоо байгуулан, хамтарч бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж ашиг олох гэх мэтчилэн олон боломж нь нээгдэж байгаа байх?

Олон жил хамт нэг баг болж ажилласан хүмүүсийн дунд итгэлцэл бий болж эхэлдэг. Тэд  дундаасаа удирдлагаа сонгож байна.  Эдгээр хоршоод үндэсний үйлдвэрүүдтэй харьцаж, ноос, хөөврөө өгч, ашгийг нь нийтээрээ хүртэх боломжтой болсон.  Амжилттай ажиллаж байгаа хоршоод ч олон байгаа.

-Бэлчээрийг зүй зохистой ашиглуулах  ажлыг улам боловсронгуй болгохын тулд дан ганц ОУ-ын байгууллага зүтгээд 100 хувь үр дүнд хүрэхгүй шүү дээ. Гэхдээ чамлахааргүй их үр дүнтэй ажиллаж байгаа. Та бүхний эхлүүлсэн ажлыг илүү өргөн хүрээнд хийхийн тулд төр засгийн оролцоо ямар байгаасай гэж хүсэж байна?

ШХА 10 жилийн хугацаанд “Ногоон-Алт” төслийн хүрээнд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах чиглэлээр үндэсний тууштай бодлого дутагдаж байна. Түүнчлэн “Ногоон-Алт” төсөл хэрэгжиж байгаа сумдад газар, нутгийн хэрүүл маргаан гарахаа больсон. Малчид БАХ-ээрээ сумын удирдлагатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, бэлчээрээ эзэмших эрхээ баталгаажуулж байна. Мөн малчдын идэвх оролцоо нэмэгдэж яавал бэлчээрээ урт, удаан хугацаанд өвс, ургамал, худаг, устай байлгах вэ гэх мэт асуудлаа ярилцаж түүнийгээ ажил хэрэг болгон явж байна. Энэ бол хамгийн том үр дүн гэж боддог.

Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) нь бэлчээрийг хамтран ашиглах зорилгоор малчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн байгуулсан
бэлчээр ашиглалтын анхан шатны нэгж юм.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn