"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Тэмээний ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж бий
Нийтэлсэн: 2016-11-27 17:53:34

Зах зээлийн шилжилтийн үед 20 жилийн турш буурч байсан тэмээн сүргийн тоо толгой 2009 оноос эхлэн цөөн тоогоор өсөж 2013 оны эцсийн дүнгээр Монгол улсад нийт 321,6 мянган толгой тэмээ тоологджээ. Тэмээний голлох ашиг шимийн нэг нь ноос юм. Улсын хэмжээгээр жилд хамгийн багадаа 1200 тн тэмээний ноос бэлтгэх  боломжтой. Гэвч үндэсний  боловсруулах үйлдвэрүүдийн жилийн эрэлт нь 350 тн орчим буюу нийт бэлтгэлийн нөөцийн 30 хувьтай тэнцэж байна.

Малчид тором самнах туршилт хийлээ, Говь-Алтай, Төгрөг сум

Үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн хувьд тэмээний ноосыг бэлтгэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх сонирхол бага байгаа нь дараах шалтгаануудтай холбоотой. Үүнд:

  • Тэмээний ноос нь элс шороо, мод бут, хужир марз ихтэй тул  угаах процесст  бүрэн арилдаггүй, дараагийн дамжлагуудын тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээдэг,  тоосонцор  их үүсгэдэг,
  • Боловсруулалтын гарц багатай, үйлдвэрлэлийн өртөг зардал ихтэй,
  • Хятад улсаас хямд үнэтэй, хуурамч тэмээний ноосон утас, бэлэн  бүтээгдэхүүнүүд  их хэмжээгээр орж ирж байгаа нь энэ төрлийн зах зээл хөгжих боломжийг хааж улмаар өндөр өртөг зардлаар бий болдог монгол тэмээний ноосон бүтээгдэхүүний борлуулалт муудсан.

Иймд “Ногоон алт” төслийн Маркетингын бүрэлдэхүүн хэсгээс тэмээний ноосны үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж, туршиж эхлээд байна.

1. Торомны ноосыг самнаж бэлтгэх туршилтыг Баянхонгор аймгийн Баянговь, Говь-Алтай аймгийн Төгрөг сумдад “Бэлчээр Ашиглагчдын Холбоо” болон “Баялаг-Өлзий” ХХК-тай хамтранхийлээ. Туршилтын үр дүнд самнаж авсан торомны ноосонд дараах чанарын ахиц ажиглагдсан юм.

  • Ноостой хамт хяргагддаг хялгас үс нь тэмээний биед үлдсэнээр самнасан ноосон дахь ноолуурын агууламж нэмэгдэж, хялгасны хэмжээ багассан,
  • Даахь, хог шороо бага,
  • Хяргах үед ноолуур хайчлагдан үлдэж ширхэгтийн уртад нөлөөлдөг бол самнаснаар ширхэгт гэмтээгүй.

 

2. Онцлог шинж чанар бүхий түүхий эдийг судлан тогтоож, түүнийг газарзүйн заалтаар баталгаажуулж хуурамч бүтээгдэхүүнээс зах зээлийг хамгаалах зорилгоор зорилтот аймгуудын Төхөм Тунгалагийн хүрэн тэмээ (Говь-Алтай аймаг), Ламын гэгээний улаан тэмээний (Баянхонгор аймаг) ноосонд судалгаа шинжилгээ хийж байна.

3. Тэмээний ноосыг угаах технологийг боловсронгуй болгох туршилт, судалгааны ажлыг хийж эхэллээ.

 Тэмээний ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж бий /2-р хэсэг/

Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг Төслийн мэргэжилтэн В.Болормаа

Өнөөгийн байдлаар олон улсын зах зээл дээр боловсруулсан тэмээний ноосны  нэгжийн үнэ ямааны ноолууртай харьцуулахад 4.7 дахин бага, торомны ноосных  2.4 дахин бага байна. Иймд “Ногоон алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс

ноолууртай дүйх  нарийнтай торомны ноосны үнэлэмжийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор  Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумдад үржүүлж байгаа “Ламын гэгээний улаан”, ГовьАлтай аймгийн Төгрөг сумын “Төхөм тунгалгийн хүрэн” тэмээний нэг ба хоёр насны тэмээнээс  хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй хамтран нийт 58 дээж авч, чанарын шинжилгээ хийлээ. Дээжийг хяргаж /хайчилж/, самнаж 2 аргаар бэлтгэж авсан ба лабораторийн шинжилгээний үр дүнг харьцуулан дараах хүснэгтэд нэгтгэв.

Самнаж болон хяргаж авсан дээжид хийсэн харьцуулсан шинжилгээний дүн

 Шинжилгээний дүнгээс харахад 1 настай торомны самнасан дээжин дэх ноолуур агууламж хяргасныхаас 2.8 хувь илүү,  хялгас, завсрын үсний агууламж  2.0 хувь, хогт хольц 0.8 хувиар  бага, харин  2 настай тэмээний самнасан дээжин дэх ноолуур агууламж хяргасныхаас 6.1  хувь илүү,  хялгас, завсрын үсний агууламж  5.5 хувь, хогт  хольц  0.6 хувиар  тус тус бага байна. Самнасан ба хяргасан дээжний шинжилгээний үзүүлэлтийг харьцуулж харахад самнаж авсан дээжинд ноолуур агууламжийн хэмжээ их, харин хялгас агууламж, хогт хольцын хэмжээ бага байгаа нь  самнаж бэлтгэснээр үйлдвэрлэлийн гарц нэмэгдэх боломжтойг харуулж байна.

1 настай торомны самнасан дээжний  ширхэгтийн урт нь хяргасныхаас 2.8 см, 2 настайгийнх 0.3 см тус тус илүү байгаа нь самнасан түүхий эдээр хийсэн ээрмэлийн даац  сайжирч, тасралт багасах улмаар бэлэн бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлөх үзүүлэлт харагдаж байна. Шинжилгээний дүнгээс харахад 1 настай торомны ноосны ноолуурын дундаж голч 16.4 мкм, 2 настайгийнх 17.4 мкм байгаа нь ямааны ноолууртай дүйхүйц үзүүлэлттэй байна.

1 ба 2 настай тэмээний ноосны ноолуурын голчийг бусад ширхэгттэй харьцуулан харахад ямааны ноолууртай дүйх нарийн микронтой торомны ноосыг тусад нь ялгаж бэлтгэх нь чухал байна.  Ингэснээр  бэлтгэлийн чанарыг сайжруулан үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлж, өртөг зардлыг багасгаснаар бид түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой. Ноосон дахь элс шороо, мод бут нь үйлдвэрлэлийн угаалтын гарцанд шууд нөлөөлдөг учир  малчид элс шороог нь гүвж багасгах, мөн ноосонд агуулагдаж буй хялгас агууламжийн хэмжээ нь хялгас ялгах үйлдвэрлэлийн гарцанд нөлөөлдөг учир аль болох хялгас багатай бэлтгэх хэрэгтэй. Ямааны ноолуурыг самнаж авахад хялгасны тодорхой хэсэг нь ямааныхаа биед үлддэг учир ноолууран дахь хялгас агууламж бага,  үйлдвэрлэлийн гарц өндөр байдаг. Гэтэл тэмээний ноосыг хайчилж /хяргаж/ бэлтгэдэг учир биед нь байгаа бүх хялгас, ноолуур үстэй нь хамт хайчлагдсанаар ноосон дахь хялгас агууламж их, үйлдвэрлэлийн гарц бага байдаг байна.  Иймд нэн тэргүүнд ноолууртай дүйх нарийн микронтой торомны ноосыг хяргаж бус самнаж бэлтгэх, тэгснээр үнэ цэнийг нь нэмэгдүүлэх бүрэн боломж байна.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn