"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Хөөврөө хяргаж бус самнаж бэлтгэснээр үнэ цэнийг нь нэмэгдүүлэх боломжтой
Нийтэлсэн: 2016-11-27 05:43:34

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг нь 2013 оны 11-р сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн. Малчид, малчдын хоршоодыг дотоодын боловсруулах үйлдвэрүүдтэй холбож, түүхий эдийн болон эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах улмаар сарлагийн хөөвөр, тэмээний ноосны нэмүү өртгийг нэмэгдүүлэх зорилготой юм. Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийг Германы ГФА-ГЕФАК компаниудын хамтарсан консорциум хэрэгжүүлж байна.

“Уужин” ХХК малчдад бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа нь /Завхан, Отгон сум/

Төсөлд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудын сарлаг, тэмээ бүхий сумууд, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны боловсруулах үйлдвэрүүд хамрагдах юм. Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс 2014 оны 1-2-р сард хийсэн сарлагийн хөөврийн бэлтгэн нийлүүлэлтийн судалгааны дүнгээр, төслийн зорилтот аймгуудад сарлагийн хөөврийн нөөцийн 30 гаруй хувийг бэлтгэж байгаа юм. Хөөврийн 60 гаруй хувийг нь самнаж бусдыг нь хяргаж бэлтгэдэг байна.

Малчид шинэ самаа туршихад бэлэн боллоо. /Баянхонгор, Гурванбулаг сум/

Төслийн зорилтот сумдад жилд дунджаар 80 гаруй тонн сарлагийн хөөврийг малчид бэлтгэхгүйгээр салхинд хийсгэж байхад, нөгөө талд сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шаардлагатай түүхий эдээр дутагдаж байгаа юм. Иймд үйлдвэрлэгчдийн эрэлтийг хангахуйц тэдний чанарын шаардлагад нийцсэн сарлагийн хөөврийн нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тус бүрэлдэхүүн хэсгээс 2014 оны гуравдугаар сард үйлдвэрлэгчид ба “Ногоон алт” төслийн малчдын хоршоодын төлөөллийн хооронд харилцан холбоо тогтоох анхны уулзалтыг зохион байгуулсан юм. Уг уулзалтын үр дүнд хоршоод үйлдвэрлэгчдийн хооронд сарлагийн хөөврийг борлуулах урьдчилсан хэлцлүүд хийгдсэн. Үйлдвэрлэгчдэд шаардлагатай түүхий эдийг нийлүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэн дээрх хэлцлийг бодит ажил болгохын тулд сарлагийн хөөврийг хамгийн үр бүтээмжтэй аргаар самнах, самнасан хөөврийг үйлдвэрлэгчдийн шаардлагад нийцүүлэн ангилан ялгах, савлахад малчдын хоршоод, боловсруулах үйлдвэрүүдтэй хамтарсан сургалтыг төслийн зорилтот аймгуудад 2014 оны 4-5-р сард зохион байгуулж байна.

Сургалтыг тухайн аймаг, сумын малчид, малчдын хоршоод, боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран зохион байгуулснаар малчид түүхий эдийн чанар, үйлдвэрлэлийн уялдаа холбооны талаар ойлголтоо бататгаж, үйлдвэрлэлийн шат дамжлага болон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн \r\nүйлдвэрлэгчид сарлагийн хөөвөр бэлтгэлд тавигдах шаардлагуудаа танилцуулж, түүхий эд бэлтгэлийн гэрээгээ хоршоодтой хийж байна. Малчдын хувьд сарлагийн хөөврийн бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, хөөврөөс олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд дараах гурван зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

1. Сарлагаа бүрэн хөөвөрлөх: Сарлагийн хөөврийн бэлтгэн нийлүүлэлтийн судалгааны үр дүнгээс харахад малчид хөөврийн гарц, үнэ бага (49.6%), хүн хүч муутай (27.9%), самнах аргаа мэддэггүй (12.9%), хөөврөө борлуулж чаддаггүй (9.7%) зэрэг шалтгаанаар хөөврөө самнадаггүй байна. Олон тооны сарлагтай болон хүн бүл муутай малчид сарлагаа хөөвөрлөж чаддаггүй, сарлаг самнах хугацаа нь ямаа самнах хугацаатай давхацдагаас үнэтэйгээр нь ноолуураа самнах хандлага малчдад бий болжээ. Сарлаг самнах ажил нь хүн хүч, цаг хугацаа их шаарддаг тул хамгийн бүтээмжтэй аргаар сарлагийг самнах туршилтуудыг төслөөс хийж эхэллээ. Малчдын хувьд хот айл, хэсэг бүлгээрээ хоршин ажиллаж хүн бүл муутай малчдадаа туслах мөн бэлчээр ашиглагчдын хэсэг, хоршоод сумын төвд байгаа ажилгүй хүмүүсийг самнах сургалтад хамруулж сарлаг самнах баг гарган ажиллуулж, хөөврийн тодорхой хувийг ажлын хөлсөнд өгөх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн сарлагаа хөөвөрлөх хугацааг зөв тохируулах, хөөврөө гээхээс нь өмнө самнах, сарлагийн ноолуурыг авч чадах зөв сам ашигласнаар нэг сарлагаас авах хөөврийн гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм.

2. Сарлагийн хөөврийн чанарт анхаарах: Сарлагийн хөөврийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна чанартай түүхий эд бэлтгэснээр хөөврийн үнэ нь өснө. Хөөврийн чанарыг ширхэгтийн голч, ширхэгтийн урт, өнгө, хөөврийн гарц (үйлдвэрлэлийн гарц), хогт хольц, чийглэг гэсэн үзүүлэлтүүдээр хэмждэг. Түүхий эдийн чанарын гол үзүүлэлтийн нэг бол ширхэгтийн голч юм. Сарлагийн нас ахих тусам хөөврөн ширхэгтийн голч бүдүүрдэг ба эм малынхаас эр малын хөөврийн ширхэгтийн голч бүдүүн байдаг байна. Сарлагийн хөөврийн ширхэгтийн уртын хувьд малын нас ахих тусам ширхэгтийн урт богиносдог байна. Иймд хамгийн нарийн бөгөөд урт дээд чанарын хөөврийг бага насны сарлагаас бэлтгэх боломжтой юм. Сарлагийн хөөврийн бэлтгэн нийлүүлэлтийн судалгаанд хамрагдсан сарлагийн 63 хувь нь хар, 14 хувь нь бор, 8 хувь нь хөх, 7 хувь нь цайвар, цагаан, 8 хувь нь тарлан зүстэй байгаагаас харахад хар, бор зүсний сарлаг голлож байна. Гэвч сарлагийн цөм болсон Хятад, Түвд улсад байхгүй цагаан зүсний сарлаг 7 хувийг эзэлж байгаа нь үйлдвэрийн хэрэгцээ шаардлага, гадны худалдан авагчийн эрэлт ихтэй цагаан өнгийн хөөврийг бэлтгэх давуу тал болж байна. Иймд дээд чанарын болон ховор өнгийн түүхий эдийг ялган бэлтгэх нь зүйтэй юм. Үйлдвэрлэлийн гарц гэдэг нь түүхий хөөврийг угааж, хялгасыг нь ялгасны дараа үлдэх цэвэр ноолуурын хэмжээгээр илэрхийлэгдэнэ. Энэ үзүүлэлт нь үйлдвэрт гарч байгаа өртөг зардалтай шууд хамааралтай байдаг. Үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд хөөврөө хяргаж бус самнаж бэлтгэх, мөн ноолуур үсээ гээхээс өмнө самнах, цэвэр орчинд хог шороо багатай бэлтгэснээр хөөврийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой.

Сарлаг самнах нь хүн хүч их шаарддаг ажил. /Архангай, Өндөр-Улаан сум/

3. Малчид үйлдвэрлэгчдийн хамтын түншлэлийг бий болгон хөгжүүлэх: Малчид нь үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай түүхий эдийг бэлтгэхийн төлөө эрмэлздэг байх, үйлдвэрлэгчид нь чанартай түүхий эдэд илүү үнийг төлдөг байж гэмээнэ харилцан ашигтай ажиллах боломжтой юм. Шууд түншлэлийн дүнд хөөврийн үнэ цэнэ нэмэгдэх дараах боломжууд байна.

• Түүхий эдийн арилжаанд дундын зуучлагчгүйгээр малчид, малчдын хоршоогоор дамжуулан үйлдвэрт шууд борлуулснаар малчдын орлого нэмэгдэх,

• Хялгас, хог шороо багатай түүхий эдийг малчид бэлтгэснээр үйлдвэрлэлд гарч байгаа өртөг зардлыг багасгаж түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх,

• Дээд чанарын түүхий эдээр дээд чанарын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын зах зээл дээр сарлагийн хөөврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх явдал чухал байна.

“Ногоон алт” төслийн хоршоодтой шууд түншлэлийн харилцааг “Баялаг-Өлзий” ХХК, “Сор кашмир” ХХК, “Уужин” ХХК, “Жинст мөрөн” ХХК-ууд бий болгон төслийн зорилтот аймгуудад хөөврийн хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулж үнэ цэнийг нь нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn