"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Т.Ахай: Багийн иргэний зөвлөл тухайн баг дээр шийдвэрлэгдэхгүй байгаа асуудалд анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2016-11-27 05:38:16

Баян-Өлгий аймгийн Бэлчээр ашиглалтын холбооны гүйцэтгэх захирал Т.Ахайтай Багийн иргэний зөвлөл гэж юу болох, энэ зөвлөлийн ач холбогдлын талаар ярилцлаа.

Багийн иргэний зөвлөл гэж ямар учиртай байгууллага вэ?

Өнөөдөр манай нийгэмд төр болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн түншлэл маш их эрэлт хэрэгцээтэй байгаа. Энэ түншлэл багаас эхлэх хэрэгтэй гэж бодсон. Яагаад гэвэл манай засаглалын стандарт бол иргэдийн оролцоотой шийдвэрүүд байдаг. Иргэдийн оролцоотой анхдагч шийдвэрүүд дандаа багийн түвшинд гардаг. Тэгэхээр багийн түвшин дээр иргэний нийгмийн байгууллага болон төрийн түншлэлийг бий болгоё гэсэн зорилготойгоор Багийн иргэний зөвлөлийг байгуулсан.

Багийн иргэний зөвлөлийг хэрхэн байгуулах вэ?

Багийн иргэний зөвлөлийн / БИЗ/ бүрэлдэхүүнд хэн байх вэ гэхээр тухайн багт манай “Малчдын холбоо” ТББ-ын 3-4 төлөөлөл байгаа. Үүнийг бид БАХ-ын ахлагч гэдэг. Мөн хэсгийн ахлагч гээд 30-40 өрхийг хариуцсан хүн байгаа. Өөрөөр хэлбэл 30, 40 өрхийн манлайлагч, лидерүүд байгаа юм. Энэ бол манай иргэний байгууллагын талаас оролцож буй хүмүүс. Төр талаас хоёр хүн ажиллаж байгаа. Нэг нь багийн Засаг дарга, нөгөө нь Багийн ИТХ-ын дарга. Энэ зургаан хүн түншилж байгаа юм. Монгол Улсын Иргэний хуулийн 481.1 дүгээр заалтаар талууд гэрээ байгуулна. Ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ, ямар үр дүнд хүрэх вэ, түүний үр дүнг хэн хүртэх вэ, ямар хугацаанд явагдах вэ, энэ ажилд ямар зарлага гарах вэ, энэ зардлыг хаанаас гаргах вэ гэх мэтчилэн зүйл дээр гэрээ хийж гарын үсэг зурна. Энэхүү гэрээг сумын ИТХ болон сумын Засаг дарга, малчдын холбооны суманд ажиллаж байгаа сумын холбооны тэргүүн гурав батална. Ингээд үндсэндээ түншлэлийн тогтолцоо бий болж байгаа юм.

Тэгвэл БИЗ ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол?

Үндсэндээ БИЗ-ийн үйл ажиллагаа гурван төрлийн үйл ажиллагааг шийдэж байна. Нэгдүгээрт: Тухайн баг дээр байгаа малчдад бэлчээр болон мал сүргийн зохистой менежментийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хийнэ. Хоёрдугаарт: Зах зээлийн харилцаанд малчдыг яаж үр ашигтай оролцуулах вэ, тэдний түүхий эдийг яаж оновчтойгоор бэлтгэн нийлүүлэх, анхан шатны боловсруулалт хийх, үнэ хүргэж борлуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна. Нөгөө талаар Засгийн газрын урамшуулалд хэрхэн хамруулах зэрэг ажилд анхаарна. Гуравдугаарт багийн иргэдийг орон нутгийн засаглалд яаж үр нөлөөтэй оролцуулах вэ гэдэгт анхаарч, шийдвэрлэхийн төлөө ажиллана.

Орон нутагт ихээхэн хөрөнгө хуваарилдаг болсон. Үүний зарцуулалтыг БИЗ хянах боломжтой юу?

БИЗ бол тухайн баг дээр шийдвэрлэгдэхгүй байгаа олны санааг зовоож байгаа ноцтой асуудал дээр хамгийн түрүүнд ажилладаг. Үүний жишээ бол өнөөдөр орон нутагт томоохон хөрөнгө оруулалт очсон байгаа. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн мөнгө гэж томоохон сумдад тэрбум төгрөг очдог. Энэ мөнгийг багийн иргэдэд яг юу хэрэгтэй байна түүнд нь зарцуулах учиртай. Үүнийг иргэдийн оролцоотойгоор шийдэх ёстой. Ингээд эрэлт хэрэгцээг тодруулаад иргэдээс санал авъя гэхэд иргэд нь багийн хуралдаа ирдэггүй, санал гаргаж өгдөггүй. Ингэсээр байтал орон нутгийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг зохион байгуулах цаг нь тулдаг. Тийм болохоор орон нутагт байгаа эрх мэдэлтнүүд өөрсдөө шийдээд энэ хөрөнгийг зарцуулах болно. Энэ нь ихэнхдээ сөрөг үр дагаврыг бий болгодог. Чанаргүй бүтээгдэхүүн, зохиомол эрэлт хэрэгцээ, хэнд ч хэрэггүй байгууламжууд бий болж, орсон хөрөнгө оруулалт нь ямар ч үр дүнгүй “салхинд хийсэж” байгаа юм. Тэгэхээр иргэдийн оролцоог яаж хангах вэ гэдэг нь “шүдний өвчин” болж байна. Үүнд БИЗ ажиллаж байгаа.

Иргэд яагаад багийн хуралдаа оролцохгүй байна вэ. Өөрсдийнх нь амьдралын асуудлыг шийдвэрлэх гэж байна шүү дээ?

Бид яг үүнд анхаарч, иргэд яагаад хуралдаа оролцохгүй байна гэдэгт ажилласан. Малчдаас асуухад, нэгдүгээрт “Чиний яриад байгаа зүйлийг бид огт мэдэхгүй байна” гэж хариулсан. Энэ бол малчид мэдээлэлгүй, малчдыг мэдээллээр хангаж чадахгүй байна. Яагаад гэвэл тавдугаар сарын 5-д санал авна гэсэн бол түүнээс өмнө бүр дөрөвдүгээр сарын 10 гэхэд хэлэлцэх асуудал, Орон нутгийн хөгжлийн сан гэж ямар учиртай юм, ямар үр дүн гарах ёстой юм, өрх бүрд ямар үр өгөөж өгөх вэ гэдэгт мэдээлэл өгөх учиртай. Үүнийг Багийн иргэний зөвлөл хийнэ.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn