"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Малчид хамтран ажиллахын ашиг тусыг харуулж байна
Нийтэлсэн: 2016-11-27 05:33:40

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо (СБАХ) нь 2009 оноос Швейцарийн Хөгжлийн Агентлагийн хөрөнгө оруулалттайгаар бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах замаар цөлжилтийг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг БАХ-ийн малчидтай хамтран зохион байгуулж, ингэснээр малчид бэлчээр, нутгаа хамгаалан, хамтран ажиллаж байна. Ногоон алт төслийн болон малчдын хувь хөрөнгөөр БАХ-ийн малчид дундын сантай болж бэлчээр хамгаалах, хадлан тэжээл бэлтгэх, усан хангамж нэмэгдүүлэх, ахуйн хэрэгцээндээ зориулж зээл авах журмаар сангийн хөрөнгөө нэмэгдүүлж, дундын сангийн хэмжээ 30 гаруй сая төгрөгт хүрсэн байна.

Хамтын хүчийн давуу талыг ойлгосон БАХ-ийн 84 малчин өрх нэгдэж малын гаралтай түүхий эдийг зах зээлд борлуулах, хүнс, барааны бөөний худалдаа, газар тариалан эрхлэх зорилгоор СБАХ-ны дэргэд хоршоо байгуулан, хонины ноос борлуулах гэрээг 3 компанитай байгуулж 149 тн ноос нийлүүлэн 14.4 сая төгрөгийн үнийн зөрүү авсан. Хоршооны гишүүдийн хуримтлалаар хямд үнэтэй хүнс, барааны дэлгүүр ажиллуулан 28.5 сая төгрөгний бараа эргэлт, борлуулалт хийж, байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд тус хоршооны гишүүдийн тоо 131 болж, хөрөнгийн хэмжээ нь нэг дахин нэмэгдэж, хоршооны дэргэдэх талх, нарийн боовны цех, оёдлын тасагт 5 хүн, нийт 9 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.

Хамтран ажиллахын болон төсөлд хамрагдсаны давуу талын талаар Эрдэнэхайрхан сумын малчин Нацаг овогтой Цэдэнбал ийнхүү хүүрнэж байна: “Ногоон алт төсөл манай суманд хэрэгжиж, бид бэлчээрээ жил бүр өнжөөж, сэлгэдэг болсноор өвлийн хадлан тэжээлийн нөөцөө бэлтгэн авч хэвшсэн.  Бид хоршоонд элссэнээр малын гаралтай түүхий эдээ хоршоондоо өгч Засгийн газраас олгож буй урамшуулалд бүрэн хамрагдаж улмаар хоршооноос ноогдол ашиг хүртэж байна. Жишээ нь: манай гэр бүл 2013 онд оногдсон 140365 төгрөгийн ноогдол ашгийг бэлнээр авалгүй эргэлтэнд оруулж үр ашгийг нь хүртэх зорилгоор хоршоондоо үлдээсэн. Манайх гэлтгүй хоршооны бүх гишүүн өрхүүд ноогдол ашгаа эргэлтэнд оруулахаар үлдээсэн. Мөн хоршооны гишүүн өрхүүд хямд үнэтэй хүнс, барааны дэлгүүрээр үйлчлүүлдэг болсон нь хавар ноолуурын цагаар, намар мал тарга хүчээ бүрэн авсан үед л мөнгөтэй залгадаг, байнгын мөнгөн орлогогүй малчин бидэнд их тус болж байгаа. Бусад үед нь банкны зээлээр л амьдардаг байсан. Харин Ногоон алт төслийн дэмжлэгээр БАХ-ийн малчид дундын сантай болсноор бид хэрэглээнийхээ зээлийг авч амьдралаа залгуулдаг болсон. Энэ нь бидэнд их ач тусаа өгч байгаа. Энэ төслийг орон нутагт хэрэгжүүлж байгаа Швейцарын сайн санаат хүмүүст ажлын өндөр амжилт хүсэж, цаашдаа малчдад үр өгөөжтэй олон төслийг хэрэгжүүлээрэй гэж хүсье.”

Малчид хамтран хадлан бэлтгэж байгаа нь

Хоршооны гишүүд ноосоо ачуулж байна

Хоршооны гишүүдийн үйлчлүүлдэг хүнс, барааны дэлгүүр

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn