"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын “Хоёр Арц” ТББ-ын амжилтын түүх
Нийтэлсэн: 2016-11-27 05:22:40

Цагаанхайрхан сумын “Хоёр Арц” ТББ нь 2009 оноос бэлчээрийг зүй зохистой ашиглах хамгаалах, хамтын хөдөлмөрийн давуу талыг бэхжүүлэн малчдад туслах, байгалийн эрдслийг даван туулах үндсэн зорилгын дор нэгдэж сумандаа бэлчээр ашиглагчдын холбоо байгуулан ажиллаж эхэлсэн. 2014 он “Хоёр Арц” ТББ-ын хувьд нэлээдгүй ололт амжилттай жил болж өнгөрлөө.

Сумын ИТХ-ын дарга, СЗДТГ, Багийн ИНХ, Багийн Засаг дарга нартай хамтран Бэлчээр ашиглуулах гэрээнд  гарын үсэг зурж, 10 Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн /БАХ/ 270 өрхийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, саналыг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулах ажлыг зохион байгууллаа. Тус төлөвлөгөөнд БАХ-ийн малчид 2014 онд бэлчээр өнжөөх сэлгээх, хуваарь гарган 130 мянган га бэлчээрийн талбайг өнжөөж, 5 БАХ-ийн нийт 35 өвөлжөө, хаваржааны 3500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэсэн.

СБАХ-ны тэргүүн С.Тунгалаг нь “Бодь даатгал” компанийн  төлөөлөгчөөр ажиллаж малчдад мэдээлэл өгсний дүнд  Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан сумдын БАХ-ийн малчид нийт 115,000 малыг Малын индексжүүлсэн даатгалд хамруулж малаа эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүллээ. 

2009 оны намар 0,5 га-д 500 ширхэг чацарганы суулгацыг Увс аймгаас татан авч суваг шудуу татаж  байгалийн усалгаатайгаар зохицуулсан нь үр дүнтэй болж  2013 оноос ургацынхаа дээжийг өгч 460 кг чацарганыг 3500 төгрөгөөр худалдан борлуулсан, мөн 2014 онд 1 тн гаруй чацаргана хураан авч кг тутмыг нь 4,000 төгрөгөөр борлуулан сумын сургууль, цэцэрлэг, мөн гал тогоо бүхий байгууллагуудыг хангаад зогсохгүй зэргэлдээх Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумд болон аймгийн төвийн зарим сургууль, цэцэрлэгт борлуулан СБАХ-ны дэргэд байгуулагдсан “Тайны олз” хоршооныхоо ашиг орлогыг нэмэгдүүлж байна.

Аливаа зохион байгуулж буй үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж Аймгийн Бизнес Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд  нэхмэл бараа, сүү цагаан идээ, хатаасан ногоо үйлдэрлэгч эмэгтэйчүүдийн хамт оролцож сумын брэнд бүтээгдэхүүнээ бусад сумын бизнес эмэгтэйтэйчүүдэд танилцуулан борлуулсан. Мөн тус СБАХ нь СЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, БАХ-ийн ахлагч нартай хамтран жил бүр “Төлчин Эмэгтэйчүүд”-ийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна.

Сумынхаа малчдын өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхийн тулд 2011 оны “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол Мал” хөтөлбөрийн дагуу  “Тайны Олз” хоршоог байгуулж нийт малчин өрхийн 70 гаруй хувь нь гишүүнээр элссэн байна. Тус  хоршоогоор дамжуулан  Эрдэнэт Хивс” ХХК, “Могол ноос” ХХК, “Дархан Нэхий” ХХК, “Сор Кашмер” ХХК-нд түүхий эд, ноос, арьс ширийг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж 2014 онд “Эрдэнэт Хивс” ХХК-нд  46 тн ноос тушаасан байна.

 “Тайны Олз” хоршоо нь 2014 онд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Мал Эмнэлэг, үржлийн ажлыг хийж гүйцэтгэхээр аймгийн ҮХААГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж эхний хагас жилд 16,000 малыг вакцинжуулалтанд, 8,000 төл малыг туулгалтанд хамруулж, 7,000 малыг ээмэгжүүлж, бүртгэлд хамруулсан.

Цаашид СБАХ болон СБАХ-ны дэргэдэх хоршооноос дараахь зорилтыг тавин ажиллаж байна:

  • Эдийн засгийг бэхжүүлэхийн тулд төр засгаас гаргасан хоршоог дэмжих чиглэлийн дагуу зээл тусламжинд хамрагдах,
  • Одоо байгаа боломжийг ашиглан түүхий эдийн складтай болох, мал аж ахуйн түүхий эдийг зуучлан борлуулах,
  • Жимсний модны ургац нь гүйцсэн тул тандалт хийж шинээр суулгац бойжуулж зах зээлд худалдан борлуулах,
  • Хоршооны менежер, хоршооны нягтлан бодогч, түүхий эд бэлтгэгч нарыг сургалтанд хамруулж шинээр боловсон хүчин бэлтгэх

 

“Хоёр арц” СБАХ-ны тэргүүн болон “Тайны Олз” хоршооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж буй Тунгалаг амжилт бүтээлээ үнэлүүлж 2013 онд “Хөдөө Аж Ахуйн тэргүүний хоршоологч” цол тэмдэг, 2014 онд “Хоршоологчдын Одон”-гоор тус тус шагнагдсан бөгөөд бэлчээр сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малчдын эрх ашгийг хамгаалах зэрэг ажил үйлсээрээ үлгэр жишээ болж яваа эмэгтэй манлайлагчдын нэг юм.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn