"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

АМЖИЛТЫН ТҮҮХҮҮД

Олны хүч оломгүй далай
Нийтэлсэн: 2016-11-27 05:01:28

Говь-Алтай аймгийн Тайшир сумын  “Сайн эрс” Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ нь 2013 оны 5 сарын 20-нд байгуулагдсан. Туулсан хугацаа богино  хэдий ч туурвисан ажил арвин ихээ.

Төрийн бус байгууллага нь “Ногоон Алт” төслийг орон нутагтаа хэрэгжүүлснээр малчдын сэтгэхүй, амьдрал ахуйд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадсан. “Хуримт” БАХ-ийн ахлагч Б.Базархуягийн санаачилгаар малчид бид “Дуугарвал дуу нэг, Дугтарвал хүч нэг” гэдэг монгол ардын зүйр үгийн үнэ цэнийг ойлгож, хашаа саравчаа засварлах, худаг усаа гаргах, хадлан тэжээлээ бэлтгэх ажлуудыг нэгдэж хийснээр “Олны хүч оломгүй далай” мөн болохыг баталж чадсан.

Үүний тод жишээ нь бидний хамтын ажиллагаанд  үнэлгээ дүгнэлт өгч, цаашдын бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах үүднээс “Дэлхийн Зөн” ОУБ-аас бага оврын тракторын хөрөнгө оруулалт хийснээр манай малчдын  хамтран ажиллах урам зоригийг нэмэгдүүлэн, малчдыг идэвхижүүлсэн.

Мөн АБАХ-ын дэмжлэгээр  хадуур тармуур худалдан авснаар манай БАХ–ийн малчид 45 га хадлангийн талбайнхаа хашаа хамгаалалтыг засварлан, сайжруулж дундаасаа нэг малчинд урамшуулал өгч, усалгаа тордолтыг хийлгэснээр энэ жил 120-130 тонн хадлан бэлтгэж, өмнөх жилүүдэд бэлтгэж байсан хэмжээнээсээ 23 тонн хадлан өвс илүү бэлтгэсэн нь ирэх өвлийг ажрахгүй давах бүрэн боломжийг бүрдүүлж чадлаа.

Цаашид гурван БАХ–ийн малчидтайгаа хамтран хадлангийн талбайгаа нэмэгдүүлж, хашаа хамгаалалтыг сайжруулан малчдынхаа хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хадлан бэлтгэдэг болох зорилт тавин ажиллана.

Тайшир сумын СБАХ-ын тэргүүн А.Наранбаатар

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn