"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Дундын хоршоо нь төр засгийн бодлого, шийдвэрийг малчдадаа хүргэх гүүр болно
Нийтэлсэн: 2016-11-27 04:02:16

Завхан аймгийн 17 сумын анхан шатны хоршоо нэгдэж “Тоонот цацраг” хэмээх дундын хоршоог байгуулан, үйл ажиллагаа эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны гүйцэтгэх захирал С.Гүррагчаатай ярилцлаа.

-Та дундын хоршооныхоо талаар танилцуулахгүй юу?

Завхан аймгийн 17 сумын анхан шатны хоршоо нэгдэж “Тоонот цацраг” хэмээх дундын хоршоог байгууллаа. Өөрөөр хэлбэл,  малчдын 17 хоршооны гишүүд маань өөрсдийн сайн дураар нэгдэж нэг төв байгууллагатай болсон гэсэн үг. Бэлгэ дэмбэрлээ бодож Очирваань хайрханыхаа өвөрт  Отгон сумандаа Дундын хоршооны  нээлт, хоршооны сургалтыг 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд хийсэн.  Мөн энэ үеэр бид ирэх 4 жилд  яаж хамтарч ажиллах вэ, дундын хоршоондоо ямар ямар бүтээгдэхүүн нийлүүлж зуучлан борлуулалт хийх вэ гэх мэтчилэн зүйлсийг тусгаж хоршооныхоо бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн. Үйл ажиллагаа маань одоо л эхэлж  байна. Харин “Тоонот цацраг” дундын хоршооны төв байр нь Завхан аймгийн Улиастай суманд байрладаг.

-“Тоонот цацраг” дундын хоршоог байгуулах болсон шалтгаан нь юу байв?

ШХА-ийн “Ногоон-Алт” төслийн хүрээнд Завхан аймгийн 23 суманд Бэлчээр Ашиглагчдын Холбоо /СБАХ/ хэмээх ТББ байгуулагдсан.  Ийнхүү бид 2009 оноос хойш бэлчээрийг зүй зохистой ашиглах  хамгаалах, хамтын хөдөлмөрийн  давуу талыг бэхжүүлэх, байгалийн эрсдлийг даван туулах  үндсэн зорилгын дор нэгдэж байлаа. Харин явцын дунд бэлчээр гэдэг ойлголт нь бэлчээрийн  мал аж ахуйн  үндэс учраас үйл ажиллагааны цар хүрээ улам өсөх болсон. Тодруулбал,  бэлчээр байхад  мал байдаг, малаас түүхий эд гардаг, малыг малчин хариулдаг шүү дээ.  Ингээд бэлчээрээ хайрлах, малын гаралтай  түүхий эдийг нэгдсэн журмаар борлуулах, малчдыг мэдээллээр хангах, зохион байгуулах асуудал тулгарсан учраас бид хүссэн хүсээгүй  хоршооны хөгжлийн энэ үе шат руу орох болсон.  Жишээ нь, анхан шатны хоршоо дангаараа жилдээ 4050 тонн  хонины ноос нийлүүлдэг байсан бол дундын хоршоогоороо дамжуулснаар 400-500 тонн хонины ноос борлуулах боломжтой бөгөөд ашиг нь ахиу байна.

-Дундын хоршоонд нэгдсэнээр малчин хүнд өгөх үр өгөөж нь юу вэ?

Дээр хэлсэнчлэн 17 анхан шатны хоршоодын гишүүд буюу малчид дундын хоршоонд нэгдсэнээр илүү их хэмжээний малын гаралтай  бүтээгдэхүүнийг  үндэсний үйлдвэрүүддээ нийлүүлж тэр хэмжээгээрээ ногдол ашиг хүртэхээс гадна төр засгаас өгч буй урамшууллыг хүртэх  юм.  Энэ нь цаашдаа малчдад ихээхэн үр өгөөжтэй. Ерөнхийдөө дундын хоршоо нь гэдэг зөвхөн түүхий эдээ борлуулах бус хоршоологчдод мэдээлэл өгч, малчдадаа төр засгийн бодлого, шийдвэрийг хүргэх нэг гүүр нь болно.

-Ер нь танай аймагт дундын хоршоо хэр олон байдаг вэ?

Манай аймагт 2-3 дундын хоршоо бий. Анхан шатны хоршоод бол олон байгаа. Бидэнтэй хамтарч ажилладаг  17 суманд малчдын 17 хоршоо байдаг. Төр засгийн бодлого хоршоог дэмжихэд чиглэнгүүт янз бүрийн зорилгоор хоршоог  байгуулах болсон.  Зарим хоршоог ченжүүд байгуулсан байх жишээтэй.  Харин нэг суманд 10-аад анхан шатны хоршоо байна. Завхан аймаг 23 сумтай гэхээр 300аад анхан шатны хоршоо байна гэсэн  үг. Манай “Тоонот цацраг” дундын хоршооны бүх гишүүд малчид байдаг. 

-Завхан аймгийн хувьд хэдэн толгой сарлагтай вэ.

Үүнээс хэчнээн хэмжээний хөөвөр бэлтгэх боломжтой байдаг вэ? Завхан аймаг 42 гаруй мянган сарлагтай. Уг нь манай аймгийн сарлагтай сумдаас 16.8 тонн хөөвөр гарах нөөцтэй. Энэ нь зах зээлийн үнэлгээгээр 200-аад сая төгрөг юм билээ.  Завхан аймаг  23 сумтай. Үүнээс хамгийн олон сарлагтай  нь ИхУул, Идэр, Тосонцэнгэл, Отгон сум. Эдгээр сумдад сарлагийн хөөврийн бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр “Ногоон-Алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран ажиллаж байна. 

-Сарлагийн хөөврийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа туршлагаасаа хуваалцахгүй юу?

Сарлагийн хөөвөр үндсэндээ зах зээлд борлогддоггүй зүгээр л салхинд хийсдэг эд байсан шүү дээ.  Анх 2006-2007 оны үед сарлагийн хөөвөр 1кг нь 500-600 төгрөгийн хооронд борлогддог байсан юм билээ. Бид өнгөрсөн жил хоёр тонн гаруй сарлагийн хөөвөр бэлтгэж  үндэсний  үйлдвэрт  нийлүүлж байсан.  Энэ жил Маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй  хамтран сургалт сурталчилгаа  хийж, боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 4.9 тонн  самнасан хөөврийг  “Уужин” ХХК, “Баялаг-Өлзий” ХХК-д  нийлүүлээд  байна. Үүнийг мөнгөөр илэрхийлбэл  58.8 сая  төгрөг малчдын гар дээр очиж байна гэсэн үг.  Үйлдвэртэйгээ шууд гэрээтэй ажилласнаар ченжийн халаасанд орж байсан ашиг малчдын гарт очих боломжтой болдог. Иймээс манай малчид хоршоондоо л түүхий эдээ нийлүүлдэг.

-Сарлагийн хөөврийг авахдаа ямар нэгэн шалгуур тавьдаг уу?

“Ногоон-Алт” төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг үндэсний үйлдвэрүүдтэй хамтран түүхий эд бэлтгэл, хөөврийн чанар нь үйлдвэрийн шат дамжлага болон эцсийн бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлдөг талаар малчдад зориулан сургалт хийсэн. Гэвч чанараар нь ангилан ялгаж ирсэн нь цөөн байсан. Энэ жил бэлтгэсэн хөөврөө үйлдвэрт аваачиж ангилан ялгалтад оруулахад 4.9  тонн хөөврөөс 400-аад кг  хялгас гарсан. Энэ нь бараг 4.8 сая төгрөгийн алдагдал шүү дээ. Ингэхээр яалт ч үгүй хөөврийн бэлтгэлд тавигдах шаардлагыг малчдад дахин давтан ойлгуулах  хэрэгтэй болж байна.  Тэр догшин амьтныг нэг бүрээр нь самнаад явж байна гэдэг нь сургалт явуулсны үр дүн. Үндсэндээ манай Завхан аймаг 16.8 тонн хөөвөр самначихдаг бол 140-өөд сая төгрөгийн хөрөнгийг  салхинд хийсгэхгүй, малчид амьдрал ахуйдаа зарцуулна  гэсэн үг. Хөөвөр үнэд орсноор малчид хөөврөө өрхийн хэрэгцээнд зарцуулахаас илүү зарж борлуулах сонирхолтой болсон. Энэ талын идэвх оролцоо нь ч нэмэгдэж байна. Дээр үед хөөврөө  хяргаж авдаг байсан бол одоо бол малчид самнадаг болсон.

-Сарлагийн хөөврийн зах зээлд танай хоршоо хэрхэн ажиллах  төлөвлөгөөтэй байна вэ?

Бид өнгөрсөн хугацаанд малчдыг сарлагаа самнах аргад сургалаа. Одоо чанарыг сайжруулах талд илүү анхаарч ажиллана.  Хөөврийн чанар гэхээр самнах арга, самнаж буй сам, цаг хугацаа гээд олон зүйл нөлөөлдөг. Зөв цагт нь буюу хялгас нь хөдлөөгүй байхад нь самнах л их чухал. Үүнийг бид малчдадаа ойлгуулж хөөврийн нийлүүлэлтийн хэмжээг ч нэмэгдүүлж, чанараа ч сайжруулна.  Сарлагийн хөөврийн хувьд дундын хоршоонд нэгдэж хамтран ажилласнаар бид алдаж байгаа 140 сая төгрөгөө л малчдынхаа  бодит орлого болгохыг зорьж байна.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn