"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Монгол орны бэлчээр салаа замын уулзвар дээр
Нийтэлсэн: 2016-11-27 03:44:30

Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон-Алт” төслөөс энэ оны 6 дугаар сарын 16-нд “Монгол орны бэлчээр... салаа замын уулзвар дээр” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний эхэнд 1971 онд “Тунгалаг тамир” киноны зургийг авч байсан Архангай аймгийн Ихтамир сумын нутаг болох Таван тээг хэмээх газрын өвс, ногоо халиурсан бэлчээр нутгийг 2014 оны доройтсон байдалтай харьцуулсан богино хэмжээний дүрсийг үзүүлсэн нь хурлын зорилгыг тод томруун болгож өгсөн юм. Үүний дараа ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлагийн захирал Маркус Валдвогел, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нар зөвлөгөөнийг нээж үг хэлэв.

Ноён Маркус Валдвогел “Монгол орны бэлчээр нутаг доройтож байгаа боловч үүнийг зогсоож болохгүй гэсэн үг биш. Хамгийн гол нь хамтын сэтгэл, зүтгэл чухал байна. Тиймээс энэ хурлаар бэлчээрийн доройтлын өнөөгийн байдал болоод цаашид авах арга хэмжээний талаар хамтдаа зөвшилцөж оновчтой арга замуудыг тодорхойлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Мөн “Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлэн 8 жилийн хугацаанд хийсэн мэргэжилтнүүдийн судалгаагаар Монгол орны нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар өөрчлөлтөд орсон, харин 70 гаруй хувь нь доройтсон  гэсэн дүгнэлт гарсан нь  зөвлөгөөнийг зохион байгуулах нэг хөшүүрэг болсон” гэлээ.

Харин БОНХ-ийн дэд сайд Б.Тулга  “Монголчуудын их өв болсон бэлчээр нутаг бол асар их үнэ, цэнэтэй зүйл. Өргөн уудам газар, нутгийн 70 орчим хувийг  бэлчээр эзэлдэг. Энэ их баялгаа бид зүй, зохистой ашиглах нь чухал байна” хэмээгээд нүдээ олсон үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулсан Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Зөвлөгөөн “Монголчуудын ногоон хөрөнгө өнөөдөр, маргааш...”, “Бэлчээрийн сэргэх чадварт суурилсан даац, түүнд ашиглалтыг зохицуулах нь”, “Монгол оронд бэлчээрийн тогтвортой ашиглалтыг нэвтрүүлэхэд холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулах нь” гэсэн 3 үндсэн  сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд хурал даргалагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХАА-н зөвлөх Л. Эрхэмбаяр ажиллалаа.

Ийнхүү дээрх 3 сэдвийн хүрээнд илтгэгчид илтгэлээ тавьж, бэлчээрийн доройтлын шалтгаан, нөхцөлийг өөр өөрийн судалгаанд үндэслэн тайлбарлаж байсан юм. Тэд бэлчээрийн доройтлын шалтгааныг тодорхойлохдоо малын тоо бэлчээрийн даацаас хэтэрсэн гэдэгтэй санал нэгдэж байлаа. Харин үүнийг зохицуулахад малчдын идэвх, оролцоог нэмэгдүүлж, зохион байгуулалтад оруулах нь хамгийн зөв гарц гэж үзэв. Ингэхдээ бэлчээрийг хуваарьтай ашиглаж сэлгэж, амраан, өнжөөснөөр үр дүн гарна гэдгийг учирласан юм.

Үүнийг ажил хэрэг болгон Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон-Алт” төслөөс 93 суманд бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ буюу малчдын оролцоонд суурилсан, зохион байгуулалттай бүлгийг байгуулан ажиллаж байгаа аж. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа ч эхнээсээ үр дүнгээ өгч байгаа нь Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн Б.Будбаатарын судалгааны ажлаас харагдаж байв.

Мөн бэлчээрийг хариуцах эзэнтэй болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Тодруулбал, ашиглагч нь хамгаалагч байх ёстой гэсэн зарчмыг баримталж ажиллах нь бэлчээрийг доройтлоос гаргах бас нэгэн гарц гэж зөвлөгөөнд оролцогчид үзсэн юм. Үүнээс гадна олон санал, санаачилга хэлэлцэгдсэн бөгөөд эцсийн дүнд ажил хэрэг болгохын тулд төр засгийн дэмжлэг, иргэдийн оролцоо төдийгүй бэлчээрийн доройтлын талаар үнэн, зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэлээ.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn