"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Хэт ашиглалт-бэлчээрээ цөл болгох доройтлын цэгт бид хэр ойр ирээд байна вэ?
Нийтэлсэн: 2016-11-27 03:34:15

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Хорнадо судлалын төвийн ахлах судлаач Брандон Бестелмер

Экологийн шинжлэх ухааны хувьд, бэлчээрийн тэр тусмаа Монгол орны бэлчээрийн тухайд цөлжилт, доройтлын цэг нь хэдийд тохиохыг урьдчилан хэлэхэд бэрхтэй ч цөлжилтийн талаар болон  үр нөлөөтэй ямар хариу үйлдэл байж болох тухайд зарим санаа хэлэх боломж байгаа. Цөлжилтийн явцад угаасаа хэд хэдэн өөрчлөлт явагддаг. Зарим өөрчлөлтийг буцаан сэргээх, жишээлбэл ашигтай зүйл ургамал устлаа гэхэд харьцангуй богино хугацаанд нөхөн сэргээчихэж болно.

Гэтэл бэлчээр маань ашиггүй, мал иддэггүй ургамалд баригдах мэт өөрчлөлтийг хэвэнд нь оруулахад олон жил шаардагдаж, устгах, идэвхтэй нөхөн сэргээлт явуулах хэрэгтэй болдог. Ер нь хөрсний доройтлоос улбаатайгаар ургамлан нөмрөг алдагдахад нөхөн сэргээе гэвэл олон жил, ихээхэн хүч хөрөнгө шаардах арга хэмжээ авах ёстой. Тэр чигт нь орхивол цөлжилтөөс өөр “үр дүнд” хүрэхгүй, ёстой жинхэнэ цөл болно.

Малд идүүштэй, ашигтай зүйл ургамал устсан, цөөрсөн, түрэгдсэн болон хөрс нь хүчтэй элэгдэж доройтсон газар үл сэргээгдэх талхлагдал үүсдэг болох нь “Ногоон алт” төслөөс явуулсан болон бусад судалгаагаар нотлогдсон бөгөөд чухамдаа энэ бол нэн тэргүүнд анхаарал хандуулах хэрэгтэй асуудал юм.

Бэлчээрийн менежментийг буруу, зохисгүй хэрэгжүүлсний уршгаар зарим аймаг, сумдад нөхцөл үнэхээр хүндэрч доройтлын цэгээ аль хэдийнээ давчихсан байхад малынхаа тоог цөөлж, ашиглалтыг цаг улирал, хугацаагаар зохицуулах нь зүйтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, бас ч гэж санаачилга гаргаж буй нааштай хандлага байгаа нь сайшаалтай хэрэг мөн.

Цөлжилт гэж энэ гээд яг таг бариад тогтооход бэрхтэй, алаг цоог байдлаар гарч эхэлдэг сонин үзэгдэл байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл цөлжилтийг үнэлэх тодорхойлоход төвөгтэй, тэр чинээгээр нөгөө доройтлын цэг гээчид яг яаж тулж ирдэг бол гэдгийг мэдэхэд хэцүү. Энэхүү төвөгтэй асуудлыг шийдэх гарцын тухайд угтал шинж, урьдчилан үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоох, үүний тулд бэлчээрийн ургамалжилт, хөрсөнд ямар өөрчлөлт явагддаг талаарх шинжлэх ухааны мэдээлэлтэй тун сайн ажиллах хэрэгтэй. Үүний дараа үнэлгээ, мониторинг, зайнаас тандан судлах ажлыг газар дээр нь хийж шалгуур үзүүлэлтээ тогтоох, цөлжилттэй хэрхэн тэмцэх, сааруулах арга хэмжээг төлөвлөх ёстой.

Ургамлан нөмрөг улам сийрэгжээд, халцгай газар ихсээд ирвэл бэлчээр эмзэгшин цөлжих төлөв орж, цөлжилт нүүрлэж байгаагийн хамгийн илэрхий, анхдагч шинж байдгийг тодруулж хэлмээр байна. Цаг агаарын огцом өөрчлөлт, хэлбэлзлийн нөлөөгөөр бэлчээрийн ургамлан нөмрөг мөн нэгэн адил өөрчлөгдөх нь Монголын бэлчээрийн нэг онцлог билээ.

Үүнтэй уялдуулан хэлэхэд, зонхилох ургамлын болон нийт ургамлын бүрхэц бага байх нь ямар нэг эрсдэлтэй өөрчлөлт болох нь, тийм шинж гэж нэг тал руу заавал туйлшруулах нь зохисгүй. Энэ нь харин болзошгүй өөрчлөлтийг сөрж тэсвэрлэн, магадгүй дасан зохицож байгааг харуулж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Эдүгээ нийтээр мөрдөж буй концепц/загвар болон “Ногоон алт” төслийн Экологийн чадавхийн судалгааны багийн хуримтлуулсан мэдээллээс үзвэл, олон цэг дээр үндсэн зүйл ургамлын бүрхэц буурч байгаа нь тогтоогдсон нь бэлчээрийн нөхөн сэргэлтийг дэмжихийн менежментийг хэрхэн сайжруулж болохыг харуулж байгаа юм.

Доройтлын цэгийг зөв үнэлгээжүүлж, тогтооход бэрхшээлтэй юм бол дасан зохицолтыг дэмжих гэж цөлжилтөөс зайлсхийх, урьдчилан сэргийлэх шалгарсан арга байдаг. Жишээ нь АНУ-ын хуурай бүс нутагт ургасан, олдоцтой бүхнийг боломжоороо ашиглахад менежментийг бүхэлд нь чиглүүлж байсан түүхэн баримт байдаг. Гол нь гантай жилийг яаж ийгээд давах, тунадас сайтай жилтэй малаа золгуулах явдал гол стратеги байжээ. 1950-иад онд 7 жил дараалан тохиосон “их ган”-гийн үеэр тунадас дунджаас дандаа доогуур, заримдаа дусал ч унадаггүй шахам байсан гэдэг.

Олон мянган га бэлчээр цөлжин устаж, дахиж огт сэргээгүй билээ. Байгалийн энэ хүчирхэг гамшиг ихээхэн сургамж өгсөн, одоогоор бэлчээрийн ачаалал нэлээд нам, уян хатан болсон. Жилийн өнгө сайн бол малаа цөөн хэдэн толгойгоор нэмдэг явдал бий ч ирэх жил ийм байхгүй гэдэг үнэмшил баттай сууснаас бэлчээрийн ачаалалд болгоомжтой ханддаг болжээ. Гантай, гандуу бол малаа олноор хорогдуулалгүй давах, хамгийн чухал нь бэлчээрээ хэт ашиглах, талхлахаас сэргийлэх, тэжээлийн үнэт ургамлаа “баллачихгүй” байхад анхаарах хэрэгтэй.

Бэлчээрээ хамгаалж ашиглах аргыг сонгож, тогтмол хэрэглэвэл бэлчээрийн тэжээлийн чанар сайжрахын зэрэгцээ гангийн нөлөө харьцангуй зөөлөн өнгөрөх магадлалтай. Хамгаалж ашиглах гэдгийг тодруулбал, болзошгүй доройтлын цэгээс аль болох хол байхыг эрмэлзэх гэсэн санаа бөгөөд цаагуураа дасан зохицолтыг сайжруулах агуулга бүхий арга юм.  Чадавхид суурилсан менежментийг хэрэгжүүлэх үндсэн нэг шаардлага гэвэл болзошгүй доройтлын цэг (даац болоод ургамлын бүрхцийн хувь)-ээс бид хэр хол байгаагаа даан ч мэдэхгүй байгаатай холбоотой. Олон хүчин зүйлс сүлжилдсэн, таахад ч бэрх энэ зүйлтэй зууралдахын оронд ургацын чанарыг сайжруулах, бидний хүчин мөхөстөх байгалийн үзэгдэл (ган, зуд)-ээс хамгаалах “даатгал” болж өгөх хамгаалж ашиглах аргыг нэвтрүүлэхийг бодсон нь эдүгээ болоод хожим хэрэгтэй.

Дасан зохицох үзэл баримтлал гэдэг нь хүн зон, экосистемээс байгалийн давагдашгүй үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх боломж олгох менежментийг хэлж байгаа юм. “Доройтлын цэгээс бид хэр хол байна вэ” гэж асуун тааж ядаж байхын оронд “Малчин зон, ургамалжилт, бэлчээрийн олон янз байдлыг хамгаалахын тулд дасан зохицох чадвараа хэрхэн бэхжүүлэх вэ” гэж тойрч ярилцвал илүү дээр. Өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурлан хэлэхэд дасан зохицох чадавхиа чамбайруулах боломж, ирээдүй Монголд хангалттай байгаа нь их завшаантай хэрэг.

Энэ сайхан боломж, ирээдүй хэр удаан үргэлжлэх, бэхжин сайжрах нь яван явсаар ирэх он жилүүдэд цаг агаар болон менежментийн харилцан зохицлыг хэр өгөөжтэй жолоодохоос, хүний ухаалаг үйл ажиллагаанаас шууд хамаарна. Цөлжилт гэдэг гамшиг ямар уршигтай үр дагавартай, хэрхэн тэлж байгааг дэлхийн бусад орон, түүний дотор миний эх орон АНУ-ын жишээнээс харах, мэдрэх, мэдэх боломж байгааг сануулахын ялдамд цөлжилтийг урьдчилан хараад мэдчихдэг арга ухаан байхгүй, одоо л өөрчилж, санаж сэдэхгүй бол дахиад тийм цаг хугацаа олдохгүй, боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүснэ. 

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn