"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Доройтлын цэгт бид хэр дөхөж явна вэ?
Нийтэлсэн: 2016-11-27 03:19:18

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, профессор С.Жигжидсүрэн

Монгол орны бэлчээрийн судалгаа, туршилтын ажлыг хариуцахын зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллага, бусад судлаачдын эрдмийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэхэд арга зүйн удирдлагаар хангах, бүтээл туурвих, эрдмийн боловсон хүчин бэлтгэхэд эдүгээ хүртэл 45 жил хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж яваа мэргэжлийн судлаач хэмээн би бээр өөрийгөө тооцдог.

Манай улсад бэлчээрийн судалгааг ургамалтай холбон энэ талаас нь судалсан мэргэжлийн геоботаникчид нэлээд олон байсан, одоо ч олон залуучууд байгаа. Гол нь тэд маань мал, малчиндаа төдийлөн ойр бус, хөндийдүү байгаа тал ажиглагддаг юм.

Монгол орны хувьд бэлчээрийг зөвхөн мал бэлчээрлүүлэхэд зориулагдсан, малчдын нутагладаг газар гэж явцуу ойлгодог явдал хүмүүсийн дунд, ялангуяа төв орон нутгийн удирдах бүх шатны байгууллагад нь шингээстэй байгаа нь томоохон гажуудал юм. Малаас гарах гол нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хүмүүс тэнд бас аж төрж ажил, үйлдвэрлэлээ явуулдаг орон зай гэдэг утгаар нь бэлчээрийн газрыг ойлгож “бэлчээр нутаг” гэвэл зохилтой. Ингэж ойлгож хандваас, бэлчээрийн асуудлыг орон зайн төдийгүй цаг хугацааны хэмжүүртэй, бэлчээр өөрөө экологийн чухал нөөц, экосистемийн өвөрмөц цогц бүрдэл, хүн тохь тухтай амьдрах орчин гэдгийг ухаарна.

Монгол орны бэлчээр хурдацтай доройтож байгаа нь хэн ч маргахгүй үнэн. Харин одоо ямар хэмжээнд хүрээд байна вэ? гэдэг дээр маргаан явагдсаар байна. Хянан баталгааны ажил бизнес тал руу хэлбийсэн, үнэмшил муутай гэх шүүмжлэл дагуулдаг ч гэлээ, барьж үзэх материалтай нь хувьд улсын хэмжээнд хийсэн бэлчээрийн төлөв байдал, чанарын хянан баталгаанд илүү итгэхээс өөр гарцгүй байх аа.

Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хянан баталгаа (2008-2010 он)-гаар улсын хэмжээнд 25.2 сая га бэлчээр талхлагдаж доройтсоны дотор малын хөлөөс чөлөөлж, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай бэлчээр 9 сая орчим га байна гэж тогтоожээ.

Талхлагдсан бэлчээрийн талбайг сум бүрээр нийт нутагтай нь харьцуулж үзэхэд:  Төв аймагт нийт бэлчээр нутгийн 31.8-43.2%, Булган, Орхон, Өвөрхангай, Баянхонгор аймагт 24.831.5%, Хөвсгөл, Архангай, Ховд аймагт 21.6-24.8% нь талхлагдаад байна. Тухайн аймгийн нийт нутгийн ¼ нь муудчихаад байхад “хэвийн” гэж болох уу? Онцолж дурьдвал, нийслэл Улаанбаатар хот орчмын бэлчээрт ашиглах боломжтой гэж тогтоогдсон газрын 60 гаруй хувь нь талхлагдалд оржээ.

Ингэхлээр нийслэлийнхээ хаяанаас холын аймгийн захын суманд хүртэл бэлчээрийн талхлагдал, доройтол, цөлжилт бэлчээр нутгийг маань “залгисаар” байхад  нүдэн балай, чихэн дүлий хараад сууж даан ч боломгүй. Үүнийг мэдэж, мэдэрч,  анхаарч байгаа төрийн байгууллага алга. Байдал ийнхүү цааш үргэлжилбэл Монголд “цунами” байтугай, түүнээс долоон дор аюул үүсэх нь нэгэнт тодорхой боллоо.

Бэлчээр нутгийн хэмжээ  багасч, ургац буурах, малд идүүштэй ургамал цөөрөх явц тод ажиглагдаж байгаа өнөөгийн нөхцөлд нэг талаас бэлчээрээ цаашид хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, усаар хангах, нөгөө талаас малын тооны өсөлтийг хязгаарлах,  сүргийн бүтцийг зохистой болгох, малаа чанаржуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь төрөөс баримтлах гол зорилго, стратеги мөн гэж хэлэх байна даа.

Монголчуудын бэлчээрийн мал аж  ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал бүр Хүннү гүрний үеэс улбаатай, асар баян. Сонгомол шинжтэй, 2200 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Энэ уламжлал Чингэс хаан болон Их хаадын үед бэлчээр нутаг эрх зүйн зохицуулалттай болон төлөвшин тогтсон гэж үзэх бүрэн үндэстэй. “Монголын нууц товчоо”нд өгүүлснээр: Өгэдэй хаан ширээнд суугаад “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё. Хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулъя… Бас улс иргэний нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал зохино.

Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэд уужим суухыг хүснэ. Чанай, Уйгартай хоёр тэргүүтэй нутагчныг явуулж, цөл говьд худаг малтуулж  хашуулъя...“ гэж зарлиг болгожээ. Монгол улсад газрын менежментийн хөгжил өнө эртнээс өндөр түвшинд хүрсний гэрч энэ болой. Одоогийн газар зохион байгуулагчийг нутагчин гэдэг байжээ.

Бүр 1328 онд малыг дагнан хариуцах байгууллагатай болсон мэдээ байдаг. Нутаг бэлчээрийг хуваарилахын зэрэгцээ түүний төлөв байдал, чанарт их анхаарч, байцаалт явуулдаг байсан баримт бий. 1324 онд Есөнтөмөр хаан хэд дахин элч зарж монгол орны бэлчээр нутгийн байдлыг шалгуулж байсныг тэмдэглэсэн байна. Ийнхүү бэлчээр нутгийг нарийн дэг журамтай хуваарилан эдэлбэрлэж ирсний түүхэн ул мөр нь одоо бидний хэлэх дуртай “бичигдээгүй хууль”-д тусгалаа олжээ гэхэд хэтрүүлэг болохгүй юм.

Харамсалтай нь, 1940-өөд оноос малыг таван жилээр  төлөвлөгөөтэй өсгөх болсноор бэлчээр нутаг үндсэндээ мартагдаж, бэлчээрийн талаар төрөөс баримтлах бодлого суларсан гэж хувьдаа дүгнэдэг. Гэхдээ социализмын үед бэлчээрийг хуваарилах, хамгаалах, ашиглах асуудлыг сум-нэгдлийн удирдлага гардан хариуцдаг, тэргүүн туршлага, өгөөжтэй санаачилгыг дээд байгууллагын шийдвэрээр бусад сумдад дэлгэрүүлж байв. Ийм зохицуулалт тухайн үедээ үүргээ гүйцэтгэж, Монгол орны нутаг бэлчээрийн төлөв байдлыг доройтлоос хамгаалахад үр дүнгээ өгдөг байсан.

Малаа хувьчилж тараасан 1990 оны эхэн үеэс төрийн байгууллагаас бэлчээрийн талаар баримтлах бодлого бүрэн алдагдсан шүү. 2003 онд Газрын тухай хууль батлагдсаны дараахнаас “Бэлчээрийн тухай” хууль гаргуулахаар 10-аад жил хөөцөлдөөд юм болсонгүй, төр баригчдын чихний хажуугаар өнгөрөв. “Эзэнгүй юманд хүн нугасгүй” гэгчээр нийтээр ашиглахын урхагтай балаг нутаг бэлчээрт минь тусч, доройтол мөхлийн эцсийн төлөв цөлжилтөд ихээр автаж эхэллээ. Харамсалтай нь энэ бүхэн бэлчээрийн мал аж ахуйг олон мянган жил эрхлэн нүүдлийн соёл иргэншлийг гардан бүтээж ирсэн, тээж явааг түүхэн бахархлаа гэж үздэг Монголчууд бидний түүхэнд гутамшигтай, эмгэнэлтэй баримт болж үлдэхэд хүрвэл яана. 

Бүр аргаа ядаад “Ногоон алт” хөтөлбөрийн шугамаар “Бэлчээр ашиглах алтан дүрэм”-г нэлээд дэлгэрүүлж ном болгон хэвлүүлж олон нийтэд хүргэсэн билээ. Алтан дүрэм нь манай ахмад үеийнхний түүхэн уламжлал, бэлчээр ашиглалтын онолд үндэслэсэн, маш энгийн 4 зарчимтай:

  • Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх,
  • Тэжээлийн нөөцийг үл шавхах,
  • Бэлчээрийн ургамалд төлжин ургах боломж олгох,
  • Бэлчээрээ сэлгэж байх зэрэг болно.

 

Малынхаа өнгө төрх, ааш араншин, хөдөлгөөн, гэдэс хэвлий, хоргол баасыг нь хараад нүүдэл суудлаа зохицуулдаг монгол малчны уламжлалт арга ажиллагаагаар энэ 4 зарчим хэрэгждэг байсан уламжлалтай. Бэлчээр өнө удаан жил унаган төрхөөрөө хадгалагдаж ирсний нууц энд бий. Уг номд тусгасан санааг өлгөж аваад сумын газар ашиглалтынхаа төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бол байдал одоогийнхоос арай дээрдэх байсан сан. Гэтэл энэ асуудал шат шатанд хаягдсаар, эзэнгүйдэж бас л үр дүн нь харагдахгүй замхрав. Ийм харалган бодлого удаан үргэлжлэхгүй гэдэгт найдъя.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn