"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

БНХАУ-д малын тэжээллэг болон мал бордох чиглэлээр туршлага судалсан аялал
Нийтэлсэн: 2016-11-27 02:41:36

Ногоон Алт төсөл нь 2013 оны 10 сарын 28-аас 11 сарын 6 хүртэл БНХАУ-ын Ганжу муж болон ӨМӨЗО-нд төсөл хэрэгжиж буй аймгийн холбоодын тэргүүд, сумдын бэлчээр ашиглагчдын холбооны ахлагч болон бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад бэлчээрийн менежмент, малын тэжээллэг, мал бордох чиглэлээр туршлага судлах аяллыг амжилттай зохион байгуулаад ирлээ.

            Ногоон Алт төслийн Эктейншин болон Маркетингийн шинэ бүрэлдэхүүн хэсэг нь бэлчээр, сүргийн менежментийг сайжруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг нэмэгдүүлэх боломж бий болгох чиглэлээр тухайн орон нутагт тохирсон мэдээллийг малчдад хүргэх зорилготой. Эктейншиний мэдээлэл нь сайн жишээ, туршлагад үндэслэсэн байх ёстой бөгөөд энэ хүрээнд Ногоон алт төсөл туршлага судлах аяллыг ӨМӨЗО болон БНХАУ-ийн Ганжу мужид зохион байгууллаа. Энэхүү аяллын гол зорилго нь Ногоон алт төсөл хэрэгжиж буй бүс нутгийн нөхцөл байдалтай ижил орчинд хагас эрчимжүүлсэн мал аж ахуйн үйлвэрлэлийн төрөл бүрийн арга ажиллагааны талаар  илүү өргөн хүрээний мэдээлэл, ойлголттой болох, бэлчээрийн болон мал аж ахуйн менежментийн чиглэлээр ӨМӨЗО болоод Ганжу мужид хэрэгжүүлж байгаа урт хугацааны мониторинг, судалгааны ажилтай танилцах, мал аж ахуйн бүтээгдэхүүний маркетинг, брэндийг нэвтрүүлэх боломж зэрэг үзсэн харсан зүйлээ Монгол орны нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх боломжийг судлахад оршлоо.

ӨМӨЗО болон Ганжу мужид хэрэгжиж буй системийн давуу тал нь малчид, засгийн газар, судалгаа шинжилгээний байгууллагууд нь хоорондоо нягт хамтран ажилладагт оршиж байсан юм. Тэд нэг үр дүнгийн төлөө хамтдаа ажиллаж, судалгаа, шинжилгээний байгууллагаас гаргасан шинжлэх ухаанд тулгуурласан мэдээллийг их сургуулиудтайгаа шууд холбоотой ажилладаг сайтар бэлтгэгдсэн экстейншиний мэргэжилтнүүд малчдад шууд цаг алдалгүй хүргэдэг нь харагдаж байлаа. Екстейншиний мэргэжилтнүүд нь малчидтайгаа илүү ойр ажиллаж экстейншиний мэдээлэл түгээх арга хэрэгслээс гадна малын ашиг шимийг нэмэгдүүлэх болон бэлчээрийн менежментийн чиглэлээр сайн бэлтгэгдэж залуу судлаачидтайгаа харилцан уялдаатай ажилладаг. Засгийн газар нь шаардлагатай санхүүжилт, урамшуулал олгож, их сургуулиудтайгаа бодлого боловсруулахад хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д бэлчээрийн доройтол ихсэж үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын засгийн газраас бэлчээр хаших, тариалалтын илүү дэвшилтэт технологи хэрэглэх, бэлчээрийг сэлгэн ашиглах чиглэлээр дорвитой ажил хийж үр дүнд хүрсэн.

            Туршлага судлах аяллын үр дүнд оролцогчид сайн чанарын тэжээл тариалах, малчдад мэдээлэл түгээх сургалт сурталчилгааны төв байгуулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний байгууллага, засгийн газартай нягт хамтран ажиллах боломжийг нээн илрүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж ирлээ.  Жишээлбэл, Төв аймгийн Өндөрширээт суманд тэжээлийн ургамал тариалах талбайг нэмэгдүүлэх болон энэхүү аяллын талаар малчдад сургалт зохион байгуулах ажлыг 2014 оны төлөвлөгөөнд тусгасан байна. Харин Баян-Өлгий аймгийн хувьд өөрсдийн боломж, чадавхид тулгуурлан малчдын экстейншиний болон ханган нийлүүлэлт, бизнесийн төв байгуулан ажиллуулах, гүү, ингэ, үнээний сүү, цагаан идээний ферм ажиллуулах, Цэнгэл, Булган, Улаанхус сумдад Керей үүлдрийн шилмэл хээлтүүлэгч өсгөн үржүүлэх ажлыг төлөвлөлөө.  

Завхан аймгийн төлөөлөгчид Цэцэн-Уул суманд богино хугацаанд хонь бордож зах зээлд нийлүүлэх ажлыг малчдын оролцоотойгоор хийж гүйцэтгэх,  нутгийн Сартуул омгийн нарийн ноост хонины цөм сүрэг бий болгох, малчдад зориулсан мэдээллийн төв нээж, өвс тэжээлийн саравч барих, мөн малын тоо толгойн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг малчдад харуулах зорилгоор Өвөр Монголын туршлагаар тодорхой газрыг хашаажуулж энэ чиглэлийн судалгааны ажлыг шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран эхлүүлэх гэх мэт ажлыг төлөвлөгөөндөө тусгасан. Харин Ховд аймгийн төлөөлөгчид бэлчээрийн даацаа үнэн зөвөөр тодорхойлох, дөрвөн суманд тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх, нутгийн Сутай омгийн хонины цөм сүрэг бий болгох, мөн малын тоо толгойн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг судлах судалгааны ажилд гол анхаарлаа хандуулан ажиллахаар боллоо.

Ногоон Алт төсөл эдгээр төслийн саналуудыг хэлэлцэж, төслийн зүгээс шаардлагатай тусламж дэмжлэгийг тодорхойлж, үйл ажиллагааг малчид болон төслийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn