"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Ногоон Алт төслөөс малчдыг бэлчээрээ зөв төлөвлөж ашиглахад нь тусалж байна
Нийтэлсэн: 2016-11-26 17:00:00

Бэлчээрийн экологийн чадавхийн тодорхойлолт болон зураглал нь бэлчээрийн төлөв байдал, түүний өөрчлөлтийг хянах, хэдийд, хаана, ямар арга хэмжээ авах асуудлаар орон нутгийн бүх шатанд, юуны өмнө бодлого боловсруулагчид, ашиглагчид (БАХ, малчид) ашиглах боломжтой аргачилсан баримт бичиг юм. 

ШХА-ийн “Ногоон Алт” төслөөс ГХГЗЗГ болон ХААИС-тай хамтран бэлчээр ашиглалтыг  түүний экологийн чадавхи болон малчдын байгууллага (БАХ)-д тулгуурлан зохион байгуулах чиглэлээр үзүүлэх сургууль, зөвлөгөөнийг бүтээмж, сэргэн ургах чадвараар харьцангуй доогуур атлаа өндөр ачаалалтай ашиглагдаж байгаа хуурай хээрийг төлөөлүүлэн Төв аймгийн Өндөрширээт суманд 2013 оны 10-р сард зохион байгууллаа. Ногоон Алт төслийн дэмжлэгээр Өндөрширээт суманд улирлын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах зорилго бүхий бэлчээр ашиглагчдын 8 хэсэг үйл ажиллагаа явуулж байна.

Экологийн чадавхийн үзэл баримтлал нь бэлчээрийн экологийн чадавхийг тодорхойлох, улмаар тухайн экосистемийн үйл ажиллагаа, түүнд нөлөөлж буй зонхилох хүчин зүйлс, зохистой ашиглалтын талаарх бодит мэдээлэл дээр суурилдаг. Экологийн талбаруудын ургацын бүтээмж, бэлчээрлэлтийн нөлөөг хэрхэн тэсвэрлэх, сэргэх чадварын ялгаат байдал нь  ашиглалтыг тохируулах, зохицуулах үндэс мөн.

Дор бүдүүвчид үзүүлсэнчлэн экологийн чадавхийн үзэл баримтлал нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөлт,  хэрэгжүүлэлт, хяналт үнэлгээний суурь мэдээлэл болдог.

“Ногоон Алт” төслийн дэмжлэгтэйгээр явуулсан бэлчээрийн экологийн чадавхийн энэхүү судалгаанаас Өндөрширээт сумын нийт бэлчээрийг ашиглалтыг тэсвэрлэх болон сэргэн ургах чадавхиараа үл давтагдах экологийн 4 талбарт хуваах үндэслэл, тооцоог нэг бүрчлэн гаргаж, ашиглалт, хамгаалалтыг цаашид зохицуулах үндэслэлийг тодорхойлолт, зураглал хэлбэрээр боловсрууллаа. Энэхүү мэдээлэлд суурилан шинэчилсэн аргачлалаар хамтран боловсруулсан сумын газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сайшаан дэмжиж батласан болно.

Энэ арга хэмжээнд бодлого боловсруулагчид (Газрын шинэтгэлийн хороо, ГХГЗЗГ), Төв аймгийн хээрийн сумдын ЗДТГ, судлаачид (их, дээд сургууль, хүрээлэн), орон нутгийн иргэд (малчид, сумын БАХ) болон хандивлагчид (НҮБХХ, Оюу Толгой компани)-ийн төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцлоо.

Өндөрширээт сумын Засаг дарга Лхамсүрэн уг зөвлөлгөөний үр дүнг дүгнэж хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд малын тоо, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлтийг даган бэлчээрийн талхлагдлын асуудал улам хурцдаж зохистой ашиглалтын талаарх зөвлөмж, арга хэрэгсэл шаардлагатай байна. Ногоон Алт төслөөс бэлчээрийн газрын ашиглалтыг экологийн чадавхид болон ашиглагчдад нь суурилах судалгаандаа  манай сумыг сонгосон нь бидний хувьд сумынхаа хэмжээнд бэлчээр болон сүргийн зохистой менежментийг бий болгох боломж хэмээн ойлгож судалгааны багийнхантай гар нийлэн ажиллаж байна ” гэлээ.

Мөн тус сумын Тэсэгт БАХ-ийн ахлагч малчин Доржгочоо “Ер нь аливаа асуудлыг ингэж хамтдаа хэлэлцэж шийдвэрлэх нь их зөв юм байна. Сумын удирдлагууд болон зэргэлдээ БАХ-ийнхаа малчидтай ний нуугүй ярилцаж хэлэлцсэний дүнд манай хэсгийнхэн сүүлийн хэдэн жил сэлгэж чадаагүй зуслангийнхаа бэлчээрийг амраах боломжтой боллоо. Ирэх хавар бид зэргэлдээ Бэрх хэсэг рүү орж зусахаар сумын төлөвлөгөөнд орж батлагдлаа ” хэмээн их л урамтай байлаа.

Энэ зөвлөлгөөний нэг гол ач холбогдол бол бэлчээрийн зохион байгуулалтын одоогийн мөрдөж байгаа дээрээс шууд албадсан,  үндэслэл муутай аргатай харьцуулахад малчид, БАХ-ийн саналд тулгуурласан төлөвлөх, хэрэгжүүлэх механизмыг төлөвшүүлэх,  үр нөлөөг хянахад бүх шатанд малчид, малчдын байгууллагын үүрэг оролцоо зайлшгүй чухал юм гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн явдал мөн.

< Буцах

 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn