"НОГООН АЛТ" бэлчээрийн экосистемийн
удирдлага төсөл

 
  ENGLISH   
 
 
 

МЭДЭЭ

Бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Нийтэлсэн: 2016-12-02 20:08:40

Монгол Улсын Их Хурлын гишүүн  Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.29/ Төрийн ордноо зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлан яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Бодлого судлалын төв, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Дэлгэрэнгүй...



“Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” Үндэсний зөвлөгөөний хэвлэлийн мэдээ
Нийтэлсэн: 2016-11-29 19:20:54

 

2016 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Швейцарийн хөгжлийн агентлаг,  ХХААХҮЯ хамтран “Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ХХААИС, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлэг, үржлийн газар,  Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газар, Цаг уур, орчны шинжилгээний  газар, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, ноос ноолуур, арьс шир, мах боловсруулах үйлдвэрүүд, малчид, малчдын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй...



Дундын хоршоо нь төр засгийн бодлого, шийдвэрийг малчдадаа хүргэх гүүр болно
Нийтэлсэн: 2016-11-27 04:02:16

Завхан аймгийн 17 сумын анхан шатны хоршоо нэгдэж “Тоонот цацраг” хэмээх дундын хоршоог байгуулан, үйл ажиллагаа эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны гүйцэтгэх захирал С.Гүррагчаатай ярилцлаа.

-Та дундын хоршооныхоо талаар танилцуулахгүй юу?

Завхан аймгийн 17 сумын анхан шатны хоршоо нэгдэж “Тоонот цацраг” хэмээх дундын хоршоог байгууллаа. Өөрөөр хэлбэл,  малчдын 17 хоршооны гишүүд маань өөрсдийн сайн дураар нэгдэж нэг төв байгууллагатай болсон гэсэн үг. Бэлгэ дэмбэрлээ бодож Очирваань хайрханыхаа өвөрт  Отгон сумандаа Дундын хоршооны  нээлт, хоршооны сургалтыг 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд хийсэн.  Мөн энэ үеэр бид ирэх 4 жилд  яаж хамтарч ажиллах вэ, дундын хоршоондоо ямар ямар бүтээгдэхүүн нийлүүлж зуучлан борлуулалт хийх вэ гэх мэтчилэн зүйлсийг тусгаж хоршооныхоо бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн. Үйл ажиллагаа маань одоо л эхэлж  байна. Харин “Тоонот цацраг” дундын хоршооны төв байр нь Завхан аймгийн Улиастай суманд байрладаг.

Дэлгэрэнгүй...



Малчид доройтсон бэлчээрээ сэргээж байна
Нийтэлсэн: 2016-11-27 03:51:04

“Монгол орны бэлчээр... салаа замын уулзвар дээр” үндэсний зөвлөгөөний хоёр дахь хэсэг нь Улаанбаатар хотоос 188 км-т орших Төв аймгийн Өндөрширээт сумын Бэлчээр ашиглагчдын хэсгийн /БАХ/ үйл ажиллагаатай танилцах аялал байв. Ийнхүү 2014 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 08.00 цагт 50 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Улаанбаатар хотоос хөдөлсөн юм.

Төв аймгийн Өндөрширээт сум нь тал хээрийн нутаг бөгөөд хонь, ямааны тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац хэтэрч, отор нүүдлийн хөлөөр доройтолд ороод байгаа аж. Тиймээс ШХА-ийн Ногоон-Алт төслөөс хэрэгжүүлж буй  ажлын хүрээнд мэргэжилтнүүд энэ бүс нутагт 2007 оноос судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд  бэлчээрийг амраах, өнжөөх, сэлгэх ажлуудыг малчдын оролцоонд суурилсан бүлэг буюу БАХ-ийн тусламжтайгаар хийж, үр дүнгээ үзэж эхлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй...



Монгол орны бэлчээр салаа замын уулзвар дээр
Нийтэлсэн: 2016-11-27 03:44:30

Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон-Алт” төслөөс энэ оны 6 дугаар сарын 16-нд “Монгол орны бэлчээр... салаа замын уулзвар дээр” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний эхэнд 1971 онд “Тунгалаг тамир” киноны зургийг авч байсан Архангай аймгийн Ихтамир сумын нутаг болох Таван тээг хэмээх газрын өвс, ногоо халиурсан бэлчээр нутгийг 2014 оны доройтсон байдалтай харьцуулсан богино хэмжээний дүрсийг үзүүлсэн нь хурлын зорилгыг тод томруун болгож өгсөн юм. Үүний дараа ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлагийн захирал Маркус Валдвогел, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нар зөвлөгөөнийг нээж үг хэлэв.

Ноён Маркус Валдвогел “Монгол орны бэлчээр нутаг доройтож байгаа боловч үүнийг зогсоож болохгүй гэсэн үг биш. Хамгийн гол нь хамтын сэтгэл, зүтгэл чухал байна. Тиймээс энэ хурлаар бэлчээрийн доройтлын өнөөгийн байдал болоод цаашид авах арга хэмжээний талаар хамтдаа зөвшилцөж оновчтой арга замуудыг тодорхойлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Мөн “Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлэн 8 жилийн хугацаанд хийсэн мэргэжилтнүүдийн судалгаагаар Монгол орны нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар өөрчлөлтөд орсон, харин 70 гаруй хувь нь доройтсон  гэсэн дүгнэлт гарсан нь  зөвлөгөөнийг зохион байгуулах нэг хөшүүрэг болсон” гэлээ.

Харин БОНХ-ийн дэд сайд Б.Тулга  “Монголчуудын их өв болсон бэлчээр нутаг бол асар их үнэ, цэнэтэй зүйл. Өргөн уудам газар, нутгийн 70 орчим хувийг  бэлчээр эзэлдэг. Энэ их баялгаа бид зүй, зохистой ашиглах нь чухал байна” хэмээгээд нүдээ олсон үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулсан Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй...



Хэт ашиглалт-бэлчээрээ цөл болгох доройтлын цэгт бид хэр ойр ирээд байна вэ?
Нийтэлсэн: 2016-11-27 03:34:15

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Хорнадо судлалын төвийн ахлах судлаач Брандон Бестелмер

Экологийн шинжлэх ухааны хувьд, бэлчээрийн тэр тусмаа Монгол орны бэлчээрийн тухайд цөлжилт, доройтлын цэг нь хэдийд тохиохыг урьдчилан хэлэхэд бэрхтэй ч цөлжилтийн талаар болон  үр нөлөөтэй ямар хариу үйлдэл байж болох тухайд зарим санаа хэлэх боломж байгаа. Цөлжилтийн явцад угаасаа хэд хэдэн өөрчлөлт явагддаг. Зарим өөрчлөлтийг буцаан сэргээх, жишээлбэл ашигтай зүйл ургамал устлаа гэхэд харьцангуй богино хугацаанд нөхөн сэргээчихэж болно.

Гэтэл бэлчээр маань ашиггүй, мал иддэггүй ургамалд баригдах мэт өөрчлөлтийг хэвэнд нь оруулахад олон жил шаардагдаж, устгах, идэвхтэй нөхөн сэргээлт явуулах хэрэгтэй болдог. Ер нь хөрсний доройтлоос улбаатайгаар ургамлан нөмрөг алдагдахад нөхөн сэргээе гэвэл олон жил, ихээхэн хүч хөрөнгө шаардах арга хэмжээ авах ёстой. Тэр чигт нь орхивол цөлжилтөөс өөр “үр дүнд” хүрэхгүй, ёстой жинхэнэ цөл болно.

Малд идүүштэй, ашигтай зүйл ургамал устсан, цөөрсөн, түрэгдсэн болон хөрс нь хүчтэй элэгдэж доройтсон газар үл сэргээгдэх талхлагдал үүсдэг болох нь “Ногоон алт” төслөөс явуулсан болон бусад судалгаагаар нотлогдсон бөгөөд чухамдаа энэ бол нэн тэргүүнд анхаарал хандуулах хэрэгтэй асуудал юм.

Дэлгэрэнгүй...



Доройтлын цэгт бид хэр дөхөж явна вэ?
Нийтэлсэн: 2016-11-27 03:19:18

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, профессор С.Жигжидсүрэн

Монгол орны бэлчээрийн судалгаа, туршилтын ажлыг хариуцахын зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллага, бусад судлаачдын эрдмийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэхэд арга зүйн удирдлагаар хангах, бүтээл туурвих, эрдмийн боловсон хүчин бэлтгэхэд эдүгээ хүртэл 45 жил хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж яваа мэргэжлийн судлаач хэмээн би бээр өөрийгөө тооцдог.

Манай улсад бэлчээрийн судалгааг ургамалтай холбон энэ талаас нь судалсан мэргэжлийн геоботаникчид нэлээд олон байсан, одоо ч олон залуучууд байгаа. Гол нь тэд маань мал, малчиндаа төдийлөн ойр бус, хөндийдүү байгаа тал ажиглагддаг юм.

Монгол орны хувьд бэлчээрийг зөвхөн мал бэлчээрлүүлэхэд зориулагдсан, малчдын нутагладаг газар гэж явцуу ойлгодог явдал хүмүүсийн дунд, ялангуяа төв орон нутгийн удирдах бүх шатны байгууллагад нь шингээстэй байгаа нь томоохон гажуудал юм. Малаас гарах гол нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хүмүүс тэнд бас аж төрж ажил, үйлдвэрлэлээ явуулдаг орон зай гэдэг утгаар нь бэлчээрийн газрыг ойлгож “бэлчээр нутаг” гэвэл зохилтой. Ингэж ойлгож хандваас, бэлчээрийн асуудлыг орон зайн төдийгүй цаг хугацааны хэмжүүртэй, бэлчээр өөрөө экологийн чухал нөөц, экосистемийн өвөрмөц цогц бүрдэл, хүн тохь тухтай амьдрах орчин гэдгийг ухаарна.

Дэлгэрэнгүй...



Дундын хоршооны сургалт боллоо
Нийтэлсэн: 2016-11-27 02:51:50

Орон нутгийн хоршоог бэхжүүлэх, гишүүний эрх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх  ажлын хүрээнд “Ногоон алт” төслийн Маркетингын бүрэлдэхүүн хэсгээс Увс аймгийн Зүүнговь суманд “Дундын хоршоо үүсгэн байгуулах” сэдэвт сургалтыг “Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв”-тэй хамтран  зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...



БНХАУ-д малын тэжээллэг болон мал бордох чиглэлээр туршлага судалсан аялал
Нийтэлсэн: 2016-11-27 02:41:36

Ногоон Алт төсөл нь 2013 оны 10 сарын 28-аас 11 сарын 6 хүртэл БНХАУ-ын Ганжу муж болон ӨМӨЗО-нд төсөл хэрэгжиж буй аймгийн холбоодын тэргүүд, сумдын бэлчээр ашиглагчдын холбооны ахлагч болон бэлчээр ашиглагчдын хэсгийн малчдад бэлчээрийн менежмент, малын тэжээллэг, мал бордох чиглэлээр туршлага судлах аяллыг амжилттай зохион байгуулаад ирлээ.

            Ногоон Алт төслийн Эктейншин болон Маркетингийн шинэ бүрэлдэхүүн хэсэг нь бэлчээр, сүргийн менежментийг сайжруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг нэмэгдүүлэх боломж бий болгох чиглэлээр тухайн орон нутагт тохирсон мэдээллийг малчдад хүргэх зорилготой. Эктейншиний мэдээлэл нь сайн жишээ, туршлагад үндэслэсэн байх ёстой бөгөөд энэ хүрээнд Ногоон алт төсөл туршлага судлах аяллыг ӨМӨЗО болон БНХАУ-ийн Ганжу мужид зохион байгууллаа. Энэхүү аяллын гол зорилго нь Ногоон алт төсөл хэрэгжиж буй бүс нутгийн нөхцөл байдалтай ижил орчинд хагас эрчимжүүлсэн мал аж ахуйн үйлвэрлэлийн төрөл бүрийн арга ажиллагааны талаар  илүү өргөн хүрээний мэдээлэл, ойлголттой болох, бэлчээрийн болон мал аж ахуйн менежментийн чиглэлээр ӨМӨЗО болоод Ганжу мужид хэрэгжүүлж байгаа урт хугацааны мониторинг, судалгааны ажилтай танилцах, мал аж ахуйн бүтээгдэхүүний маркетинг, брэндийг нэвтрүүлэх боломж зэрэг үзсэн харсан зүйлээ Монгол орны нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх боломжийг судлахад оршлоо.

Дэлгэрэнгүй...



Ноос ба ирээдүй
Нийтэлсэн: 2016-11-26 18:00:00

Ногоон Алт Төсөл “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийг Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвтэй хамтран 2013 оны 10-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Монгол улс жилд дунджаар 18000 тн хонины ноос бэлтгэдэг. Үүний 6000 тн ноосоор хивс хивсэн бүтээгдэхүүнийг, 5000-6000 тн ноосоор гэрийн эсгий туурга, эсгий гутал, эсгий бүтээгдэхүүнийг хийдэг. Үлдэж буй 6000 орчим ноосыг анхан шатны боловсруулалт (угаалт) хийн урд хөршрүү экспортлож байна. Энэхүү хэлэлцүүлгээр ноосны үйлдвэрлэлийг төрөлжүүлэн даавуу, дулаалгын материал, нэхээсгүй эдлэл болон бусад ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ч мөн дэмжих боломжуудын талаар ярилцлаа. Тухайлбал өнөөг хүртэл ихэнх жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд ноосыг нь ялгаж хэрэглээд хялгас нь хаягдал болдог хэвшил байсан бол одоо энэхүү хялгасаар дулаалгын материал хийх төслийн санаачилгуудыг төрөөс дэмжих боломж бүрдэж байна. Хэрвээ хялгасаар нь дулаалгын материал хийгээд эхэлбэл ноосон эдлэл үйлдвэрлэгчдийн хувьд хаягдал болдог байсан хялгас нь үр ашигтай байх боломж бүрдэнэ. Даавуу үйлдвэрлэлийн тухайд энэ жил анх удаа сурагчийн дүрэмт хувцасны даавууг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлсэн бөгөөд цаашид цэрэг, цагдаагийн дүрэмт хувцсыг ч гэсэн дотоодын үйлдвэрийн даавуугаар хийх явцыг дэмжихээ салбарын яамны зүгээс илэрхийлэв.

Дэлгэрэнгүй...



Ногоон Алт төслөөс малчдыг бэлчээрээ зөв төлөвлөж ашиглахад нь тусалж байна
Нийтэлсэн: 2016-11-26 17:00:00

Бэлчээрийн экологийн чадавхийн тодорхойлолт болон зураглал нь бэлчээрийн төлөв байдал, түүний өөрчлөлтийг хянах, хэдийд, хаана, ямар арга хэмжээ авах асуудлаар орон нутгийн бүх шатанд, юуны өмнө бодлого боловсруулагчид, ашиглагчид (БАХ, малчид) ашиглах боломжтой аргачилсан баримт бичиг юм. 

ШХА-ийн “Ногоон Алт” төслөөс ГХГЗЗГ болон ХААИС-тай хамтран бэлчээр ашиглалтыг  түүний экологийн чадавхи болон малчдын байгууллага (БАХ)-д тулгуурлан зохион байгуулах чиглэлээр үзүүлэх сургууль, зөвлөгөөнийг бүтээмж, сэргэн ургах чадвараар харьцангуй доогуур атлаа өндөр ачаалалтай ашиглагдаж байгаа хуурай хээрийг төлөөлүүлэн Төв аймгийн Өндөрширээт суманд 2013 оны 10-р сард зохион байгууллаа. Ногоон Алт төслийн дэмжлэгээр Өндөрширээт суманд улирлын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах зорилго бүхий бэлчээр ашиглагчдын 8 хэсэг үйл ажиллагаа явуулж байна.

Экологийн чадавхийн үзэл баримтлал нь бэлчээрийн экологийн чадавхийг тодорхойлох, улмаар тухайн экосистемийн үйл ажиллагаа, түүнд нөлөөлж буй зонхилох хүчин зүйлс, зохистой ашиглалтын талаарх бодит мэдээлэл дээр суурилдаг. Экологийн талбаруудын ургацын бүтээмж, бэлчээрлэлтийн нөлөөг хэрхэн тэсвэрлэх, сэргэх чадварын ялгаат байдал нь  ашиглалтыг тохируулах, зохицуулах үндэс мөн.

Дэлгэрэнгүй...



 

 

Холбоо барих

"Ногоон алт" төсөл,
Скай Плаза бизнес төв, Олимпын гудамж 12,
1-р хороо, СБД, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +976 11 326401, 326491, Факс: +976 11 326517
И-Мэйл: ulaanbaatar@greengold.mn